Улсын хэмжээнд Аи-92 шатахууны 22, дизель түлшний 27 хоногийн нөөцтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-11-08 14:56:10

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Цахим орчинд “Дизель түлш тасарна” гэх мэдээлэл цацагдсантай холбоотой Ашигт малтмал, газрын тосны газраас ташаа мэдээлэл болохыг мэдээллээ.


Энэ талаар тус газраас мэдэгдэл гаргахдаа “Монгол Улсад шатахууны хомсдол, доголдол үүсэх үндэслэлгүй” гэдгийг тодотгожээ. Уг мэдэгдэлд “Ашигт малтмал, газрын тосны газар нь долоо хоногт хоёр удаа газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдээс газрын тосны бүтээгдэхүүний үлдэгдэл, нөөцийн мэдээллийг авч, тогтмол хянаж ажилладаг. Газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ өсөн нэмэгдсэнтэй холбогдуулан манай улс ОХУ-аас сард 110 мянган тонн Аи-92 автобензин, 65 мянган тонн дизель түлш импортлох захиалга өгч, энэ хүрээнд өдөр бүр хилийн боомтуудаар шатахууны импорт тасралтгүй нийлүүлж байна. Тухайлбал, энэ сарын 1-7-ныг хүртэл  295 вагон Аи-92 автобензин, 462 вагон дизель түлш импортолсон” гэжээ.


Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд Аи-92 автобензин 22 хоног, дизель түлш 27 хоногийн үлдэгдэл, нөөцтэй байна.



Холбоотой мэдээ