“Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийг амжилттай хэрэгжсэн гэж дүгнэжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. ЭМЯ, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-ын дэмжлэгтэй 2015-2020 онд “Анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлж байсан бол тус төслийн 2 дугаар шат болох “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл” дөрвөн жил хэрэгжин энэ жил дуусч байна.
Ерөнхий мэргэшил судлал сургалтыг орон даяар
өргөжүүлэх, сувилагч, эх баригч мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг
сайжруулах зорилготой тус төслийн үр дүнгийн хурлыг зохион байгууллаа.
ЖАЙКА олон улсын байгууллагаас дээрх техникийн хамтын ажиллагааны төслийн
хэрэгжих хугацаа дуусч байгаатай холбогдуулан төслийн үнэлгээг хийжээ. Тус
байгууллагаас төслийн үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж, хүрэх үр дүн биелж,
эмч, сувилагч, эх баригчийн төгсөлтийн дараах сургалтын суурь амжилттай
тавигдсан гэж үнэлжээ. Энэ нь ЭМЯ,
Эрүүл мэндийн хөгжлийн төв болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын
төслийн нэгжийн хамт олны харилцан итгэлцэл, бат бэх хэлхээ холбоо, хамтын
ажиллагааны үр дүн гэдгийг төсөл хэрэгжүүлэгч талууд онцлов.
Учир нь төслийн хугацаанд цар тахлын үе, цар тахлын
дараах нийгэм, эдийн засгийн эргэн сэргэх цаг үе давхцсан хэдий ч Орон нутгийн
сургалт эрхлэх байгууллага нэмэгдэж, тусламж, үйлчилгээний хэрэгцээнд
тулгуурлан Ерөнхий мэргэшил судлалаар хүний нөөцийг бэлтгэх боломж бүрдсэн
байна.
Түүнчлэн ЖАЙКА цартахлын үед нийт 13 эмнэлэгт 1,517,667,500 төгрөгийн үнэ бүхий зөөврийн эхо аппаратыг нийлүүлж, сургалт явуулан оношилгооны ур чадварыг дээшлүүлсэн төдийгүй яаралтай тусламжийн чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор 700 сая гаруй төгрөгөөр мэдээллийн системийн хөгжүүлэлтийг хийж, 230 сая гаруй төгрөгийн үнэ бүхий сургалтын муляжийг тус тус бэлэглэсэн байна.