Сэргээгдэх эрчим хүч ашиглан агаарын бохирдол багасгах тухай санал солилцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул нар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчийн орлогч Лин Цао болон бусад төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд сэргээгдэх эрчим хүч ашиглан агаарын бохирдол багасгах төслийг хамтран хэрэгжүүлэх тухай санал солилцсон юм.
Хотын дарга Х.Нямбаатар, “Түгжрэлийг багасгах, гэр хорооллыг орон сууцжуулах, сэргээгдэх эрчим хүч ашиглан агаарын бохирдол бууруулах зэрэг тулгамдсан асуудалд анхаарч, шийдэхийг зорьж, энэ хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн туршлагаас судлан, хамтран ажиллах боломжтой”-г илэрхийллээ.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчийн орлогч Лин Цао “Автозамын түгжрэл, эрчим хүчний дутагдал, тэр дундаа агаарын бохирдлыг багасгахад хамтран ажиллахад таатай байх болно. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс тогтвортой ногоон хот санаачлагд хамтран ажиллах боломжийг судлах, хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бүх талаар дэмжинэ” гэжээ.
НЗДТГ, НҮБХХ, Азийн сан, “URECA” ХХК, “Гэр өргөө” ТББ хамтран Улаанбаатар хотын яндангийн тоог цөөлөхөөр гэр хорооллын айл өрхийг сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжүүлэх туршилтын төслийг өнгөрсөн онд хэрэгжүүлсэн. Ингэснээр айл өрхүүдийн дулаан, цахилгааны эх үүсвэрийг сэргээгдэх эрчим хүч ашиглан шийдэхийн зэрэгцээ дулаалга хийсний дүнд тухайн айл зуух, түлшний хэрэглээг халж, агаарт ялгарах бохирдол, хүлэмжийн хийг багасгаж байсан юм. Мөн талууд өнгөрсөн онд энэ төсөлд 5 айл хамруулсан бол энэ жил 100 айлд хэрэгжүүлэх боломжийг судлахад бэлэн гэдгээ уулзалтын төгсгөлд илэрхийлснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.