Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийг багасгах тухай нэг ч хуульд өөрчлөлт оруулаагүйг мэдэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой, цэргийн тэтгэвэрт гарах насыг нэмэх, тэтгэвэр бодох жилийг өсгөх, нэг удаагийн тэтгэмжийг зогсоох, багасгах тухай ямар ч шийдвэр гараагүйг ГБХНХЯ мэдэгдлээ.
Мэдэгдэлд, цэргийн тэтгэвэрт зарцуулж буй мөнгийг нийгмийн даатгал, тэтгэврийн даатгалын сангаас бус улсын төсвөөс санхүүжүүлдэг. Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл, эдгээр хуультай дагалдан өргөн мэдүүлсэн хуульд цэргийн тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой ямар нэг хууль байхгүй бөгөөд цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд ямар нэг өөрчлөлт ороогүй гэжээ.
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн харилцааг нийгмийн даатгалаас тусдаа буюу Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар зохицуулж, үүнд зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, шүүх шинжилгээний, авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх зэрэг 10 байгууллагын цолтой алба хаагчид хамаардаг. Харин нийгмийн даатгалын байгууллага цэргийн тэтгэврийг тогтоон, олгох ажлыг цэргийн байгууллагатай байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэж байгаа аж.