“World Travel Market-2024” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
erdenebat@montsame.mn
2024-11-11 16:38:10

Улаанбаатар, 2024 оны арванэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Засгийн газраас 2024 онд нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавьж, олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, "Go Mongolia" нэгдсэн брэндинг дор эх орноо олон улсад сурталчилж байна.


Энэ хүрээнд 2024 оны 11 дүгээр  сарын 5-7-ны өдрүүдэд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лондон хотноо зохион байгуулсан “World Travel Market-2024” 44 дэх удаагийн олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд ИБУИНХУ-д суугаа Элчин сайдын яамны төлөөлөл, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 9 байгууллага, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны төлөөлөгчид оролцлоо.


Энэхүү олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн үеэр компаниуд Монгол Улс руу жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, түнш байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Европын зах зээлд үйл ажиллагаагаа тэлэх боломжийг эрэлхийлэх зорилгоор хоёр талт уулзалтуудыг хийж, Монгол үндэсний хувцас загварын үзүүлбэр болон язгуур урлагийн “Nomadic tunes” хамтлаг урлагийн тоглолт толилуулан, үндэснийхээ соёл урлаг, уламжлалыг сурталчиллаа. Мөн үзэсгэлэнгийн удирдлага, ерөнхий зохион байгуулагчидтай уулзаж тус үзэсгэлэн дэх Монгол Улсын оролцоог нэмэгдүүлэх, “Go Mongolia” брэндийг сурталчлах асуудлаар санал солилцсон байна.


“World Travel Market- 2024” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн нь тогтвортой хөгжил, технологи, инновац сэдвийг онцолсон бөгөөд дэлхийн 182 орны тээвэр, технологи, зочид буудал, тур оператор зэрэг 4,000 гаруй байгууллага оролцож, 50,000 гаруй төлөөлөгч, бизнес эрхлэгч үзэж сонирхсон байна.




Холбоотой мэдээ