Никола Карэ: Ирэх онд Итали Улсаас Монгол Улсад өндөр дээд түвшний айлчлал хийгээсэй гэсэн эрмэлзэл байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-11-12 10:59:03

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Итали Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Итали-Монголын парламентын бүлгийн дарга Никола Карэтэй ярилцлаа.


-Монголд байх хугацаанд тань тантай ярилцах завшаан тохиосонд баяртай байна. Юуны өмнө Итали-Монголын парламентын бүлгийн талаар товч танилцуулах уу. Та Итали-Монголын парламентын бүлгийн даргаар ажиллаж байгаа нь санаандгүй явдал уу эсвэл таны сонголт байв уу?

-Манай Парламентын Төлөөлөгчдийн танхимын 28 гишүүн олон улсын хамтын ажиллагаа, найрамдалт харилцааг хөгжүүлэхээр гар нийлж ажилладаг. Тэдгээр 28 гишүүн нэг улс гэхээсээ илүүтэй нэгнийхээ төлөөлж байгаа орны асуудал руу орж, нийтээрээ дэмжлэг үзүүлж ажилладаг давуу талтай. Ээлжит сонгууль бүрийн дараа парламент дахь найрамдлын бүлгүүд улс орон хоорондын харилцааг хэрхэн авч явах вэ гэдэг дээр тогтож ярилцдаг. Тэр үед буюу сонгуулийн дараа Монгол Улс нь хэчнээн сайхан улс болох, ард иргэд нь хэчнээн амар амгалан мөртлөө ямар их хичээл зүтгэлтэйгээр цаг хором бүрд хэрхэн завгүйгээр ажиллаж амьдардаг юм бэ гэх өөрийн сэтгэл зүрх доторх бүх сэтгэгдлээ илэрхийлэх боломж надад тохиосон юм. Итали-Монголын парламентын бүлгийн даргаар ажиллаж байгаа маань үндсэндээ миний өөрийн чин хүсэл гэж ойлгож болно.


-Тэгвэл та манай орны талаар өмнө нь мэддэг байж. Тийм үү?

-Италийн Парламентын Төлөөлөгчдийн танхимын Дэд ерөнхийлөгч Этторе Росато, Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Марко Ди Майогийн хамт 2021 онд танай сайхан оронд айлчлах боломж тохиосон юм. Тэр үед манай хоёр орон ямар салбар, чиглэлд хэрхэн хамтрах вэ, ямар боломж байна вэ гэдэг дээр харилцааныхаа анхны оролдлогуудыг хийж байлаа. Тэр ч үүднээс би Монголд дахинтаа ирж, парламентын бүлгийн нөхөдтэйгөө уулзлаа.


Монгол Улсад өнгөрсөн зун явуулсан УИХ-ын сонгуулийн үйл ажиллагааны үр дүнгээр УИХ-ын гишүүн А.Ундраа УИХ дахь Монгол Италийн парламентын бүлгийн даргаар ажиллах болсонд хувийн зүгээс талархалтай хандаж байгаа. А.Ундраа гишүүнтэй уулзаж, найрамдлын бүлгүүдийн харилцаа болон олон талт хамтын ажиллагааны сэдвээр ярилцлаа. Уулзалтаар нэн тэргүүнд шинжлэх ухаан, технологийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлье гэдэг дээр санал нэгдлээ. Хоёрдугаарт соёлын солилцоог ахисан түвшинд гаргах асуудлыг хөндлөө. Гуравдугаарт сүлжмэл болоод нэхмэл эдлэлийн салбарын хүний нөөцийг бэлтгэх асуудлыг харилцан ярилцлаа.


Мөн уулзалтаар Монгол Италийн парламентын бүлгийн гишүүдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь Италид айлчлуулах хүсэлтээ уламжилсан. Магадгүй ирэх оны 2-3 дугаар сар гэхэд бид уг айлчлалыг амжилттай зохион байгуулж чадна гэж бодож байна. Дараагийн удаад Итали Монголын парламентын бүлгийнхнийг бүрэн бүрэлдэхүүнээр нь 2025 оны эхний хагас жилд Монголд айлчлуулах, хоёр талт хамтын ажиллагааны талаарх яриа хэлцлүүдийг үргэлжлүүлэхээр ярьж тохирлоо.


-Өнгөрсөн хугацаанд хоёр орны хууль тогтоох байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагаа ямар түвшинд явж ирэв. Цаашид хэрхэн идэвхжүүлэхээр ярилцав?

-УИХ-ын дэд дарга, ноён Б.Пүрэвдоржтой уулзаж, хоёр улсын эдийн засаг, бизнес болон нийгэм, соёлын харилцааг гүнзгийрүүлэх чиглэлээр харилцан санал солилцлоо. Өмнө нь биднийг Монголд ирэхэд Б.Пүрэвдорж дарга тухайн үед УИХ дахь Монгол Италийн парламентын бүлгийн даргаар ажиллаж байсан юм. Мөн УИХ дахь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны удирдлагуудтай уулзлаа.

Итали Улс нь Монгол Улстай харилцах харилцаанд маш их анхаарал хандуулж, ач холбогдол өгч байгааг батлан хэлмээр байна. Яагаад вэ гэхээр, Монгол Улс гадаад бодлогынхоо хүрээнд гуравдагч хөршийн харилцааг эрчимжүүлэхээр идэвх санаачилга гарган ажиллаж байна. Бид гуравдагч хөршүүдийнх нь нэгээхэн хэсэг болж, хамтран ажиллах энэ боломжийг үүсгэхдээ маш их баяртай байгаа. Хамтын ажиллагаа үүсгэх гол салбар бол түрүүнд дурдсанчлан шинжлэх ухаан, аюулгүй байдал, техник технологи, соёл урлагийн салбар юм. Мөн ХАА болон уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг багасгах, Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах, түүнээс улбаатай хүндрэлийг амжилттай даван туулахад бидний зүгээс хамтрахад бэлэн байна.

Үүний зэрэгцээ дөрвөн улирлын хүлэмж барих, ухаалаг технологийг нэвтрүүлэх тал дээр ямар гарц байж болох вэ гэдэг дээр харилцан ярилцлаа. Монгол Улс цаашдаа тогтвортой эрчим хүчний нөөц, бололцоог бий болгоход анхаарах хэрэгтэй. Италийн зүгээс энэ чиглэлд хамтрахдаа баяртай байх болно.


-Хоёр орны хооронд ирэх жилүүдэд хамгийн нягт ажиллах боломжтой салбарыг нэрлээч гэвэл та аль салбарыг онцлох вэ. Бидний хамгийн сайн хоршил юу байж болох вэ?

-Монгол Итали хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлж болох хамгийн чухал салбарын нэг бол ноолуурын салбар. Монгол Улс нь Итали Улсад нийлүүлж буй ноолуурын хоёр дахь томоохон импортлогч юм. Нэн тэргүүнд анхаарах асуудал бол энэ салбар дахь боловсон хүчнийг чадавхжуулах явдал. Учир нь технологийн хөрөнгө оруулалтууд, түүнийг дагасан шинэчлэлүүдийг цаашдаа тасралтгүй хийж гүйцэтгэнэ. Тиймээс боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх нь маш чухал. 


Би саяхан Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн даргатай уулзсан. Тус салбарт хамтарч болох юм гэдэг дээр тогтож ярилцсан. Улс орны аюулгүй байдал, энх тайвныг цогцлоон бий болгох үйл хэрэгт хамтрах, харилцан ойлголцлыг лавшруулах тал дээр эрэлхийлж ажиллана гэдэгт итгэлтэй байна. Эдийн засаг, бизнесийн харилцаанаас гадна иргэд хоорондын харилцааг идэвхжүүлэхэд чармайлт гарган ажиллах хэрэгтэй байна. Иргэд хоорондын харилцаа бол хоёр орны харилцааг бэхжүүлэхэд маш өндөр ач холбогдолтой. Түүхийн улбааг сөхөж үзвэл, Монгол Итали хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бүр МЭӨ 2-3 дугаар зууны үеэс эхтэй. Тэгэхээр энэхүү харилцааг дараагийн түвшинд гаргах нь бидний гол зорилго болоод байна.


-Монголчууд Итали орныг Санремо наадам, итали дуу хөгжмөөр нь сайн мэддэг. Одоо ч итали дуу хуур сэтгэл зүрхэнд нь эгшиглэж байдаг хүмүүс дунд болоод ахмад насныхны дунд олон. Харин италичууд монголчуудыг ямар өнцгөөс хардаг юм бол?

-Италичууд монголчуудыг 100 хувь мэддэг, таньдаг гэж хэлэх боломжгүй. Гэхдээ 100 хувь таньдаг болгохын төлөө бид ажиллах ёстой. Монгол орныг, ялангуяа монгол үндэсний соёл урлагийг түгээн дэлгэрүүлэх, таниулах тал дээр бид хамтран ажиллахдаа баяртай байх болно. Италиас Монгол руу ирэх айлчлал, сонирхлын түвшин харилцан адилгүй байна. Сүүлийн үеийн тоо баримтаас харахад, аялагчдын тоо нэмэгдсэн байна. Гэхдээ Монгол орныг илүү өргөн хүрээнд таниулах хэрэгтэй байна.


-Ирэх жил Монгол-Итали хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохионо. Ойг хэрхэн үр дүнтэй тэмдэглэн өнгөрүүлье гэж бодож байна вэ?

-Монгол-Итали хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг үр дүнтэй тэмдэглэн өнгөрүүлэхэд онцгой ач холбогдол өгч буй. Хэдийгээр тодорхой болоогүй ч чин сэтгэлээсээ хүсэж байгаа нэг ажил бол, Итали Улсаас Монгол Улсад өндөр дээд түвшний айлчлал хийгээсэй гэсэн эрмэлзэл байна. Хоёрдугаарт Итали Улсыг орчин цагийн монголчуудад таниулах хөтөлбөрүүдийг зохион байгуулахаар Элчин сайд, хатагтай Жованна Пикарретатай ярилцаж байна. Гуравдугаарт хоёр орны хамтын ажиллагаа эрчимжиж байгаа салбар, чиглэлүүдийг олон нийтэд сурталчлан таниулах боломжуудыг эрэлхийлж байна. Тухайлбал, ярианы эхэнд дурдсан ноолуурын салбарыг нэрлэж болох юм.


Өөр нэг шинэ мэдээ дуулгахад, агуу аялагчдын нэг Марко Пологийн амьдрал, уран бүтээлийг харуулсан үзэсгэлэнг энэ оны 11 дүгээр сарын 16-нд Чингис хаан Үндэсний музейтэй хамтран зохион байгуулах гэж байна. Марко Поло нь түүхэн хүн төдийгүй дорно болон өрнийн харилцаанд томоохон хувь нэмэр оруулсан нэгэн. Өнөөгийн бидний харилцаж буй гүүрийг нь тавилцахад түүхэн үүрэг оролцоотой байсных нь хувьд бид Марко Полог онцолж, хэл соёлоо сурталчилж байгаа юм. Ингэснээр хоёр улсын харилцааг шинэ түвшинд гаргаж, харилцан ойлголцлоо бэхжүүлэх болно гэж үзэж байна. Түүнчлэн итали хэлний мэдлэгийг түгээн дэлгэрүүлэхэд анхаарах нь мэдээж зүй ёсны хэрэг.


-Таны ярианаас үзвэл, энэ удаагийн аялалдаа сэтгэл хангалуун нутаг буцаж байна гэж ойлголоо?

-Энэ удаагийн аяллын зорилго маань 100 хувь биелсэн. Төлөвлөсөн уулзалтууд үр дүнтэй болсны зэрэгцээ өмнө нь төлөвлөөгүй нэмэлт завшаанууд тохиож, аяллыг маань улам баяжууллаа. Бидний эхлүүлсэн яриа хэлэлцээ ажил хэрэг болж, улам өргөжинө гэдэгт итгэл төгс байна. Монгол Улс мандан бадраг. Итали Улс мандан бадрах болтугай. 

 

Холбоотой мэдээ