Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд төрийн өмчит хуулийн этгээдийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцуулав.
Ингээд Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг түүнд үүрэг болгосон байна. Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 44 дүгээр захирамжаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учралаар ахлуулан байгуулаад буй.
Ажлын хэсэг төрийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаатай холбоотой
тухайлбал, санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх, хяналт, хариуцлагыг
нэмэгдүүлэх, нээлттэй, ил тод байдлыг хангах, компанийн засаглалыг төлөвшүүлэх,
Төрийн өмчит компани байгуулах үндэслэл, шалгуурыг тодорхой болгож, хувийн
хэвшлийн бизнесийн үйл ажиллагаа эрхлэх орон зайг тэлэх бодлогын хүрээнд асуудлыг
шийдвэрлэх зохицуулалтыг тусгахаар ажиллаж байгаа аж.