Гонзало Мунос: Уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, цөлжилтийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэхэд улс орнууд хүчин чармайлт гаргаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2024-11-13 17:28:30

БАКУ, 2024 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Азербайжан Улсын Баку хотноо үргэлжилж буй COP29-ийн үеэр Монгол Улс цөлжилттэй тэмцэх, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах бодлого, инновац, хамтын ажиллагааны шийдлүүдээ танилцуулах "Монгол Улсад ногоон, тогтвортой ирээдүйг бий болгоход уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал болон цөлжилтийн асуудлуудын уялдааг хангах нь" хэлэлцүүлэг өрнүүлэв.


Монгол Улс өргөн уудам газар нутаг, эмзэг экосистемтэй орон. Уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын алдагдал, цөлжилт зэрэг асуудлууд нь хоорондоо харилцан уялдаатай бөгөөд эдгээрийг даван туулах нь Монголын ирээдүйд чухал маш чухал юм.


Эдгээр гурван асуудал зөвхөн тогтвортой хөгжлийг хангахад бэрхшээл учруулаад зогсохгүй, ард иргэд, нийгэм болон эдийн засгийн эрсдэл үүсгэж байна. Биологийн олон янз байдлыг хамгаалах, газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээх нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, газрын зохистой менежментийг хэрэгжүүлэх, уур амьсгалын нөлөөллийг бууруулахад чухал ач холбогдолтой гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.


Энэ үеэр НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн дээд түвшний төлөөлөгч Гонзало Мунос хэлэхдээ, “Өдгөө дэлхий нийтийн улс орнууд байгаль орчны гурван талт хямралын хамгийн хүнд хэцүү нөхцөл байдалтай нүүр тулж байгаа. Улс орнууд, олон улсын хамтын нийгэмлэгүүд зөвхөн уур амьсгалын өөрчлөлтөд төвлөрөх бус гурван асуудлыг цогцоор нь шийдвэрлэх ач холбогдлыг чухалчлан үзэж байгаа. Уур амьсгалын өөрчлөлт төдийгүй биологийн олон янз байдал буюу байгаль орчин, цөлжилтийн асуудлыг уялдуулах замаар цогцоор нь шийдвэрлэхэд улс орнууд маш их хүчин чармайлт гаргаж  байна. Зөвхөн ярих бус энэ ажлыг хэрэгжүүлж, үйл хэрэг болгох, хэрэгжилтийг нь илүү өндөр түвшинд хангуулахын тулд улс орнууд нотолгоонд суурилсан арга барилыг хэрэгжүүлж эхлээд байна. Өөрөөр хэлбэл, зорилт дэвшүүлэх бус хамтын ажиллагааг бэхжүүлэх нь хамгийн чухал. Энэ хүрээнд COP буюу гурван конвенцын талуудын бага хурлыг зохион байгуулж байгаа даргалагч улс орнууд түншлэлээ хийж, санаачилгуудыг гаргаж байгаа.

Өнгөрсөн жилийн Дубайн COP-оос эхлээд уур амьсгал, биологийн олон янз байдал гэх хоёр асуудлыг холбосон түншлэл үүсгэсэн. Энэ жилийн цөлжилтийн COP-д  уур амьсгал, цөлжилтийн асуудлыг холбосон түншлэл санаачилгыг гаргаж байгаа. Өөрөөр хэлбэл түншлэл болон санаачилгад тулгуурлан эдгээр асуудлын уялдааг хангах, оролцогч талуудыг татан оролцуулах өндөр ач холбогдолтой.

Дан ганц төрийн байгууллагууд, улс орнууд биш хувийн хэвшил, судалгааны байгууллагууд болон бусад бизнесийн төлөөлөл, олон улсын санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Зөвхөн ярих бус бодит үр дүн гаргахын тулд хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлэх, нотолгоонд суурилсан мэдээллийг сайжруулах хэрэгтэй. Мөн шинжлэх ухаанд суурилсан судалгааны үр дүнг бодлогодоо ашиглах шаардлагатай байна.

РИО-гийн гурван конвенц 1993 онд батлагдаж өдгөө 2025 онд гурван конвенцыг хэрэгжүүлж эхэлсний 32 жилийн ой тохиож байна. Энэ хугацаанд юу хийснээ эргэж дүгнэж цэгнээд цаашид илүү бодитой, үр дүнтэй алхам руу шилжих хэрэгцээ шаардлага тулгарч байгаа юм” гэв.


IUCN-ийн Уур амьсгалын өөрчлөлтийн глобал бодлогын ахлах, Доктор Сандийп Сэнгупта, “Талуудын бага хурлыг зохион байгуулна гэдэг нь гурван хүчин зүйлтэй холбоотой. Нэгдүгээрт, тухайн асуудлын хүрээнд хэлэлцээр явуулах, улс орнууд харилцан зөвшилцөх бодлогын асуудлыг зохион байгуулах шаардлагатай. Хоёрдугаарт, энэхүү хурлын ложистик зохион байгуулалттай холбоотой асуудлыг хангах хэрэгтэй. Гуравдугаарт, энэ жилийн COP29 хурлаас гарч буй санал санаачилга, түншлэлийн үр дүнгийн хэрэгжилтийг үнэлэх асуудал юм.

Монгол Улс гурван асуудалд онцгой анхаарч ажиллана гэж ойлгож болно. Энэ жилийн Саудын Араб, Риадад болох талуудын 16 дугаар хурлын хүрээнд олон асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн. Монгол Улс 17 дугаар талуудын бага хурлыг зохион байгуулах үеэрээ эдгээр асуудлын үргэлжлэл, хэрэгжилтийг олон улсын түвшинд хэлэлцүүлэн өрнүүлэх үүрэг хүлээнэ.

Риадад болох талуудын бага хурлын үеэр цөлжилт, газрын доройтол, ган гачигт нэрвэгдсэн асуудлыг хэлэлцэхээсээ илүүтэй биологийн олон янз байдалтай харилцан холбоотой гурван талт хямрал учраас талуудын бага хурлаар хөндөж олон улсын түвшинд хэлэлцүүлэх үүрэгтэй” гэв.


Энэхүү хэлэлцүүлэгт UNCCD, UNFCCC, болон олон улсын хөгжлийн байгууллагын төлөөлөгчид, Уур амьсгалын өөрчлөлт, газрын нөхөн сэргээх чиглэлээр ажилладаг судлаачид, ТББ, иргэний нийгмийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.

Холбоотой мэдээ