ГОВЬ-АЛТАЙ: НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра байгаль хамгаалагчдын ажлаар бахархаж буйгаа илэрхийлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай, 2024 оны 11 дүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Говийн баавгай буюу мазаалай, хавтгай, хулан, ирвэс зэрэг Монгол орны ховордсон ан амьтдын өлгий нутаг болох Монголын Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн тусгай хамгаалалттай газарт зочилж, байгаль дэлхий болоод биологийн олон янз байдлыг хамгаалах ажилтай НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра танилцлаа.
Байгаль хамгаалах үйл ажиллагааг илүү үр дүнтэй, мэргэжлийн түвшинд удирдах, ялангуяа байгаль хамгаалагчдын ур чадварыг дээшлүүлж, шаардлагатай нөөц, тоног төхөөрөмжөөр хангах нь Монгол орны эмзэг экосистем, түүнд амьдрах ховор, өвөрмөц ан амьтад, ургамлын төрөл зүйлийг хамгаалахад нэн чухал юм.
Тапан Мишра, “НҮБ-ын суурин зохицуулагчийн хувьд миний бие Монголын их говиор аялж, зэрлэг ан амьтад болоод тэдгээрийн амьдрах орчныг унаган төрхөөр нь үлдээж, хамгаалахад чухал хувь нэмэр оруулж буй тусгай хамгаалалтын газрын үйл ажиллагаатай биечлэн танилцсандаа баяртай байна. ГИДЦГ-ын А хэсгийн байгаль хамгаалагч Б.Ганзориг, Д.Баттогтох нартай уулзаж хамт аялахад эх дэлхийнхээ төлөө зориулж буй тэдний хүч хөдөлмөр, хичээл зүтгэлийг хараад би үнэхээр бахархаж байна” гэдгээ илэрхийллээ.
Мөн монгол орны ховор ан амьтад, биологийн төрөл зүйлийг хамгаалах, учирч болзошгүй аюул эрсдэлийг бууруулах, тусгай хамгаалалттай газрын орчны бүсийн тогтвортой хөгжлийг хангахын төлөө хамтран ажиллаж буй Wildlife Conservation Society Mongolia болон Монгол дахь International Takhi Group-ын хамт олонд талархлаа илэрхийлсэн тухай Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаанаас онцлон мэдээлэв.