ӨВӨРХАНГАЙ: Шавь сургалтаар 380 гаруй сурагч ерөөл, магтаал хэлж сурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙАрвайхээр,
2024 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Арвайхээр сумын ЕБ-ын 5 дугаар сургуулийн сурагчид Ерөөлч,
магтаалчдын аймгийн анхдугаар уралдаанд оролцохоор бэлтгэж байна.
Ерөөлч, магтаалч, морь цоллооч Г.Өнөболд 2022 оноос эхлэн тус сургуульд шавь сургалтыг явуулж, 380 гаруй хүүхдийг ерөөл, магтаал хэлэх, ум марзай буюу хурдан морь гийнгоолох, морь, бөх цоллох ур чадварт сургаад байгаа юм.
Одоогоор 5 дугаар сургуулийн 130 орчим сурагч уг сургалтад хамрагдан, аман өвийн их соёлоос суралцаж байгаа ба тэдгээрээс 80 хүүхэд уралдаанд оролцохоор бэлтгэл хангаж байна.
Ерөөлч, магтаалчдын улсын уралдааны хүүхдийн насны ангилалд Өвөрхангай аймаг 1984 оноос хойш оролцоогүй байсан бол өнгөрсөн жил Өмнөговь аймагт зохиосон МУСГЗ, ерөөлч Гомбын Оргой агсны нэрэмжит улсын уралдаанд 5 дугаар сургуулийн 6-р ангийн сурагч Г.Шинэжаргал тусгай байр эзэлжээ.
Хүүхдүүд ерөөл, магтаал хэлж, морь, бөх цоллож сурснаар цахим орчноос хөндийрч, ном унших, аман өв соёлоос суралцах сонирхолтой болохын зэрэгцээ харилцаа хандлага, хүмүүжил төлөвшилд ихээхэн өөрчлөлт гарч байгааг сургалтын менежер З.Бямбасүрэн хэлж байв.
“Сургалтад
хамрагдаж буй бүх хүүхэд ерөөлч болох албагүй. Харин хэл ярианы чадвараа
сайжруулж, үндэсний өв соёл, зан заншлаас суралцах, мэдлэгтэй болох, зөв
мэндлэх, бусдыг хүндлэх гээд олон талын ач холбогдолтой” хэмээн сургагч багш
Г.Өнөболд хэллээ.
Ерөөлч,
магтаалчдын аймгийн анхдугаар уралдаан 11 дүгээр сарын 27-нд болно.