Хөрөнгө оруулалтын орчноо танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2024-11-19 11:00:52

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Санхүүгийн зохицуулах хороо Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, БНСУ-ын Санхүүгийн хөрөнгө оруулалтын холбоотой хамтран БНСУ-ын Сөүл хотноо “Mongolian Capital Market Connectivity 2024: Korea” үйл ажиллагааг зохион байгууллаа. 


СЗХ-ны дэд дарга Т.Цэрэнбадрал, “Санхүүгийн зохицуулах хорооноос Хонг Конг, Шанхай, Нью Йорк, Сингапур хотод зохион байгуулсан энэ үйл ажиллагаа Сөүл хотноо болсон Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан ээлжит VIII хуралдааны дараа болж буйгаар онцлог. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа стратегийн түншлэлийн түвшинд бүх салбарт гүнзгийрч, дээд түвшний айлчлал, яриа хэлэлцээ тогтмолжиж байгаа. Энэ үйл ажиллагаа хоёр орны хөрөнгийн зах зээлээ холбох, дотоодын компаниудад давхар бүртгүүлэх замаар санхүүжилт татах, зах зээлийн илүү боломж нээх, хөрөнгө оруулагчийн бааз сууриа нэмэхийн зэрэгцээ Солонгосын хөрөнгө оруулагчдад Монголын хөрөнгийн зах зээлд оролцож, чанартай бүтээгдэхүүнд хөрөнгө оруулах, эдийн засаг, санхүүгийн хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхэд ач холбогдлоо өгнө гэдэгт итгэлтэй байна” гэлээ


Түүнчлэн, Монгол Улсын макро эдийн засаг сүүлийн жилүүдэд тогтворжиж, эерэг үзүүлэлттэй байгаа. Тодруулбал, энэ оны хоёрдугаар улирлын байдлаар ДНБ 5.6 хувиар нэмэгдсэн, ирэх онд 6 хувиар өсөх хүлээлттэй байна. Мөн олон улсын Фитч /Fitch Ratings/ агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэг шат ахиулж, “B+ буюу тогтвортой” болгож сайжруулсан. Банкны салбарт хэрэгжсэн реформын дүнд системийн нөлөө бүхийн банкуудын IPO амжилттай болж, төрийн өмчит компаниудын хувьчлал хэрэгжин, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталснаас гадна бодлого, зохицуулалтыг оновчтой, зөв хэрэгжүүлснээр дотоодын зах зээл өсөж байгаа. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ энэ оны гуравдугаар улирлын байдлаар 12.1 их наяд төгрөгт хүрсэн нь гурван жилийн өмнөхтэй харьцуулахад 4.6 дахин нэмэгдлээ. УИХ-аас Үнэт цаасны зах зээлийн тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар дотоодын зах зээлд санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлж, арилжаа, төлбөр тооцоо олон улсын зарчмаар явах, хөрөнгийн зах зээлээр дамжуулан санхүүжилт татах, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын идэвх сонирхлыг өсгөхөд эрх зүйн таатай орчин бүрдлээ. Монголын 53 мянга гаруй иргэн ажиллаж, амьдарч буй Солонгос улс бидний хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал хөшүүргийн нэг гэдгийг тэрбээр онцолсон юм.


Энэ үеэр Монголын Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчин, уул уурхай, эрчим хүч, банк санхүүгийн салбарт хөрөнгө оруулах сэдвээр илтгэл тавьж, МҮЦАЭХ-ны гишүүн үнэт цаасны компаниудаа танилцуулж, мэдээлэл хийсэн бол БНСУ-ын талаас хөрөнгө оруулагч, мэргэжлийн оролцогчид оролцож цаашдын хамтын ажиллагааныхаа талаар санал солилцсоныг СЗХ мэдээлжээ. 

Холбоотой мэдээ