“Бээжин+30” хэрэгжилтийн асуудлаарх Ази, Номхон далайн бүс нутгийн Сайд нарын бага хуралд үг хэлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг тэргүүтэй төлөөлөгчид Тайландын Хаант Улсын Бангкок хотноо энэ сарын 19-21-нд болж буй “Бээжин+30” хэрэгжилтийн асуудлаарх Ази, Номхон далайн бүс нутгийн Сайд нарын бага хуралд оролцож, үг хэлэв.
Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг энэ үеэр НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК), “IWFCI Mongolia” байгууллага, БНСУ-ын Эмэгтэйчүүдийн хөгжлийн хүрээлэн, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага хамтран зохион байгуулсан “Эмэгтэйчүүдийг чадавхжуулахад ялгаварлан гадуурхсан нийгмийн хэм хэмжээг өөрчлөх нь: “Бээжин+30”-д чиглэсэн үйл ажиллагааны талаарх ойлголт” сэдэвт арга хэмжээнд оролцож, байр сууриа илэрхийлэв. Бага хурлын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг АНДЭЗНК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга А.Алисжабана, НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн бүсийн захирал П.Смит болон зарим улсын төлөөлөгчидтэй уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Бага хурал нь Бээжингийн тунхаглал ба үйл ажиллагааны хөтөлбөрийн бүсийн хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэж, бүс нутгийн түвшинд зөвшилцөлд хүрэх зорилготой. Бага хурлын холбогдох арга хэмжээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Жендэрийн үндэсний хороо болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож байна гэж ГХЯ-наас мэдээллээ.