БУЛГАН: Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган, 2024 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Булган аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй ИТХ-ын дарга Ш.Насандулам Иргэний танхимд уулзаж, тэдний санал хүсэлтийг сонслоо.
Энэ удаагийн уулзалтыг ИТХ-ын дарга санаачлан Иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, цаашид ИТХ-тай хамтран ажиллах санал солилцохоор зохион
байгуулсан бөгөөд тус хэлэлцүүлэгт 30 байгууллагын төлөөлөл, тэргүүн, идэвхтэн
дэмжигчид оролцлоо.
Булган аймагт улсын бүртгэлд бүртгэлтэй 192 төрийн бус байгууллага байдаг бөгөөд ирэх 4 жилд хамтран ажиллах талаар ярилцаж, гаргасан санал санаачилгыг дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Уулзалт хэлэлцүүлгээс
төр, иргэний нийгмийн байгууллагын зөвлөл байгуулахаар болж санал нэгтэйгээр
баталлаа.
Мөн ирэх 4 жилд төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажлын хүрээнд ТББ-ууд хэрэгжүүлж болох ажил үйлчилгээний санал боловсруулахаар боллоо.
Мөн аймгийн ИТХ-ын дарга Ш.Насандулам, ИТХ-ын нарийн бичгийн дарга О.Наранжаргал нар сумдын ИТХ-ын нарийн бичгийн дарга нартай уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар цаг үеийн мэдээлэл өгч, цаашид хамтран ажиллах талаар санал хүсэлтийг сонслоо.