Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах хөтөлбөрийг үргэлжлүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Засгийн газар, Азийн Хөгжлийн Банк уур амьсгалын хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх, иргэдийн орлогод нийцсэн, чанартай эрүүл мэндийн үйлчилгээг улсын хэмжээнд сайжруулах зорилготой хоёр төслийн гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээнд Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан болон АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин нар гарын үсэг зурав.
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд 82.2 сая ам.долларын санхүүжилттэй "Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр” нь эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг чанаржуулах, аймаг, дүүргийн эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, эрүүл мэндийн салбарын худалдан авах ажиллагаа, санхүүгийн удирдлагын чадавхыг нэмэх зорилготой юм.
Энэ эх үүсвэрээр нийслэлийн Чингэлтэй дүүрэгт 200 ортой эмнэлэг барьж, тоног төхөөрөмжөөр хангах, Ховд аймагт 200 ортой бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн өргөтгөлийг ашиглалтад оруулан, тоног төхөөрөмжөөр хангах, 15 хүнд үйлчлэх хүчин чадалтай, 7 дүүрэг, сумын эрүүл мэндийн төв барьж, тоног төхөөрөмжөөр хангах, эмнэлгийн тусламж үйлчилгээний санхүүжилтийг нэмж, худалдан авах ажиллагаа, санхүү болон эрсдэлийн удирдлагын чадавхыг бэхжүүлэхээр төлөвлөжээ.
Түүнчлэн, 100 сая ам.долларын бодлогын зээл болох Уур амьсгалын хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх хөтөлбөр нь “Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмэр”, “Үндэсний дасан зохицох төлөвлөгөө”-ний хүрээнд уур амьсгалын зорилтоо биелүүлэх Монгол Улсын чадавхыг бэхжүүлж, жендэрийн мэдрэмжтэй үйл ажиллагааг дэмжих юм.
Уур амьсгалын үйл ажиллагааны институцийн хүрээ, хөрөнгө
оруулалтын төлөвлөлт, төсвийн тогтолцоог бэхжүүлэхийг дэмжинэ. Үүнд сэргээгдэх эрчим хүчний
үйлдвэрлэлийг дэмжих, барилгын салбарт эрчим хүчний үр ашигтай хэрэглээг нэмэх,
уур амьсгалд тэсвэртэй хөдөө аж ахуй, мал аж ахуй, хүнсний боловсруулах
үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн
хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх бодлогын арга хэмжээ багтана. Хөтөлбөр нь
ногоон бонд гаргах замаар уур амьсгалын санхүүжилтийн механизмыг сайжруулж,
банкны салбарын ногоон зээлийн багцыг нэмнэ. Мөн салбарын хөрөнгө оруулалтын замын зургийг нүүрстөрөгчийн
ялгаруулалт багатай, уур амьсгалд тэсвэртэй хөгжлийг дэмжих зорилготой.
Ингэхдээ эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт төвлөрөх юм.