Монгол, Германы тээврийн салбарын хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-11-21 14:50:48

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. ХБНГУ-ын Берлин хотноо “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын ажлын хэсгийн 9 дүгээр хуралдаан амжилттай боллоо.


Тус хуралдаанд Монгол, Герман улсын Засгийн газар, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож, бизнесийн харилцаа, хамтын ажиллагааны боломж, уул уурхай, ашигт малтмал, сэргээгдэх эрчим хүч, тээвэр логистик, дэд бүтцийн салбарын мэдээллийг харилцан солилцож, тулгарч буй асуудлыг шийдэх талаар хэлэлцэв.


Мөн уул уурхай, ашигт малтмал, сэргээгдэх эрчим хүч, тээвэр ложистик гэсэн гурван салбарын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд хоёр орны эдийн засгийн харилцааг өргөжүүлж, тулгамдаж буй асуудлыг шийдэхэд тээврийн салбарын хамтын ажиллагаа гол үүрэгтэйг онцолж, Засгийн газраас агаарын тээвэр, автотээвэр, авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим томоохон төсөл хөтөлбөрийг хувийн хэвшлийн оролцоотой хэрэгжүүлэх бодлого баримталж байгаа. Энэ чиглэлд Германы аж ахуйн нэгж, байгууллагууд хамтран ажиллах боломжтой талаар санал дэвшүүллээ.



Монгол, Герман хоёр улсын зам, тээврийн салбарын харилцаа хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж байна. Тодруулбал, энэ оны 2 дугаар сард ХБНГУ Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр Монгол Улсад төрийн айлчлал хийж, “Авто замаар олон улсын ачаа, зорчигч тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулсан нь монголын тээвэрчид Европын холбооны улсууд, Монгол, Герман улсын хооронд тээвэр хийх эрх зүйн зохицуулалт бүрдсэн. Мөн 3-р сард Холбооны цахим хөгжил, тээврийн сайд Фолькер Виссинг Монголд хийсэн албан ёсны айлчлалаар ЗТХЯ, Герман Улсын Цахим хөгжил, тээврийн яам хоорондын “Хамтын ажиллагааны эрмэлзлэлийн хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурсан. Дээрх айлчлалын үеэр ярьсан ажил биеллээ олж, Германы Цахим хөгжил, тээврийн яамны харьяа Логистик, хөдөлгөөнт байдлын албанаас автотээврийн хяналтын хоёр автомашин, хамтран боловсруулсан “Мэргэшсэн жолоочийн сургагч багш нар бэлтгэх сургалтын хөтөлбөр”-ийг манай талд хүлээлгэн өглөө.


Тус хяналтын автомашинууд замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүдтэй зэрэгцэн хөдөлгөөнд оролцож яваа үедээ тээврийн хэрэгслийн техникийн бүрэн байдал, жолоочийн ажил амралтын дэглэм баримталж байгаа эсэхийг хянах шаардлагатай тохиолдолд зогсоон шалгах боломжтой юм.


ЗТЯ нь ХБНГУ-ын Логистик, хөдөлгөөнт байдлын алба Монгол Улсын ЗТЯ, Автотээврийн үндэсний төвтэй 2018 оноос хамтын ажиллагаагаа хөгжүүлж, автотээврийн мэргэшсэн жолооч бэлтгэх, сургагч багш нарыг дадлагажуулах, автотээврийн хяналтын байцаагч нарын мэргэшлийг дээшлүүлэх, монголын мэргэшсэн жолоочийг Германд мэргэжлээрээ дадлагажиж, ажиллах, Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх чиглэлээр хамтран ажиллаж байна. Холбооны Логистик хөдөлгөөнт байдлын албанаас холбогдох мэргэжилтнүүдийг хурдны зам дээрх автотээврийн хяналт, чиглэлээр туршлага судлах сургалтад хамруулж, уг автомашинууд дээр дадлагажуулах сургалт хийснийг ЗТЯ мэдээлжээ. 

Холбоотой мэдээ