COP29: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын дэргэдэх олон улсын орон тооны бус зөвлөлийн анхны хурал болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын дэргэдэх олон улсын хөрөнгө оруулагчдын орон тооны бус зөвлөлийн анхны хурал Азербайжан улсын Баку хотноо энэ сарын 21-нд боллоо.
Энэхүү хурлыг Баку хотод энэ сарын 11-22-нд болж буй НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн 29 дэх удаагийн хурлын хүрээнд зохион байгуулав.
Хурлын үеэр Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтөд дасан
зохицох чадавхыг нэмэгдүүлэх, эрчим хүчний шилжилтийг дэмжих, эрчим хүчний
аюулгүй байдлыг сайжруулахад чиглэсэн хөрөнгө оруулалтын стратегийг
боловсруулах, тогтвортой хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалтын боломжууд болон
түншлэлийн замуудыг тодорхойлох асуудлыг хэлэлцсэн юм.
Мөн 2026 онд Монгол Улсад зохион байгуулах Цөлжилтийн эсрэг
НҮБ-ын Конвенцийн /COP17/ бага хуралд аж ахуйн нэгжүүдийг татан оролцуулах, уг
хурлыг бэлтгэх ажлын хүрээнд 2025–2026 онд хэрэгжүүлэх санал, зөвлөмжийг
боловсруулан зөвлөлджээ. Түүнчлэн Монгол Улсад хэрэгжиж буй төсөл,
хөтөлбөрүүдийг дэмжих болон олон улсын түншлэл байгуулах боломжуудыг судлах
асуудлыг хөндсөн байна.
Монгол Улсын байгаль орчны зорилтуудыг дэлхийн түвшинд хүргэхэд шаардлагатай нөөцийг дайчлах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон бөгөөд зөвлөлийн бүрэлдэхүүнд Монголын Бизнесийн Зөвлөл, Монголын Ногоон Санхүүгийн Корпорац, Энвижн Групп, Рио Тинто Монгол, Ньюком Групп, Орда Вэлф Тек, Греран Групп, Худалдаа, Хөгжлийн Банк, Юрика компанийн удирдлагууд оролцжээ. Энэхүү зөвлөлийн үйл ажиллагаа нь Монгол Улсын байгаль орчны зорилтуудыг хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал алхам боллоо гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам мэдээллээ.