Австрали улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээг эхлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-11-28 15:24:57

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Австралийн Холбооны Улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээг эхлүүлэх эхний уулзалтыг цахимаар зохион байгууллаа.


Уулзалтад Австралийн Нийгмийн үйлчилгээний яам, ГБХНХЯ, ГХЯ, Монгол Улс дахь Австралийн ЭСЯ-ны төлөөлөл оролцож, хоёр улсын нийгмийн хамгааллын тогтолцооны талаарх мэдээллийг харилцан танилцуулж, эхний шатны хэлэлцээг 2025 оны нэгдүгээр сард хийх, хэлэлцээрийн төслийг боловсруулах тухай санал солилцов.


Засгийн газраас гадаад улсад ажиллаж, амьдарч буй иргэдийн нийгмийн хамгааллын эрхийг хангахаар иргэд олноор оршин суудаг улс орнуудтай нийгмийн хамгааллын хэлэлцээрийг байгуулдаг билээ.


ГХЯ-ны мэдээллээр 2023 оны байдлаар Австрали улсад 16.6 мянга орчим  иргэн оршин сууж байгаагийн 10 мянга орчим нь ажил хөдөлмөр эрхэлж байна.


Манай Улс одоогоор ОХУ, БНСУ, Унгар Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Турк Улс, Бүгд Найрамдах Чех Улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулан, хэрэгжүүлж байна. Харин ОХУ, БНСУ-тай байгуулсан хэлэлцээрийг шинэчлэх, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Австри Улстай хэлэлцээр шинээр байгуулах хэлэлцээ хийж байгааг ГБХНХЯ мэдээлэв. 

Холбоотой мэдээ