ГОВЬ-АЛТАЙ: Багш нар хулсан үзгийн тигийн сургалтад хамрагдав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай, 2024 оны 11 дүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн ЕБС-ын багш нар хулсан үзгийн тигийн сургалтад хамрагдлаа.
Монгол хэлний тухай хууль, "Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III"-ийг хэрэгжүүлэхээр аймгийн Боловсролын газар, Хэлний бодлогын салбар зөвлөлөөс ЕБС-ын монгол хэл, бичгийн 35 багшид хулсан үзгийн тигийн сургалт зохион байгуулав.
Сургалтыг Дашчойлин хийдийн бурхан урлаач, СУИС-ийн докторант М.Эрдэмбилэг багш удирдан чиглүүлж, үндэсний монгол бичгээ сурах, түгээн дэлгэрүүлэх, өвлөн хадгалах их соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмрээ орууллаа хэмээн тус аймгийн Боловсролын газраас танилцууллаа.
Энэ сургалт Хэлний бодлогын салбар зөвлөлийн 2024 оны ажлын төлөвлөгөөнд багтсаныг ийнхүү амжилттай зохион байгуулжээ. Сургалтад хамрагдсан багш нар дараагийн томоохон ажил болох "Жангар" бүтээх ажилд оролцох юм.