ХОВД: Жаргалант сумын иргэд өв соёлоо сурталчиллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-11-30 10:54:51

Жаргалант, 2024 оны арваннэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн төв буюу Жаргалант суманд амьдарч буй иргэдийн соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах нээлттэй өдөрлөгийг өчигдөр зохион байгууллаа.

Өдөрлөгт Жаргалант сумын 12 багийн иргэдийн төлөөлөл оролцсон ба өвлөн уламжлагчид дөрвөн чиглэлээр бүтээлийн үзэсгэлэн гаргаж, өв соёлоороо бахархах уриалга бүхий урлагийн тоглолт сонирхууллаа.

Энэ үеэр Жаргалант сумын Засаг дарга Б.Амартүвшин мэндчилгээ дэвшүүлж, цаашид өвлөн уламжлагчдыг хөгжүүлэх бүх шатны ажлыг дэмжихээ илэрхийллээ.

Мөн холбогдох албаны төлөөллүүд “Ховд хотын иргэдийн гар дээрх соёлын биет болон биет бус өвийг өвлүүлэн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх хөтөлбөр”-ийн төслийг танилцуулж, соёлын өвийн талаар төрөөс баримталж буй бодлого, хууль тогтоомжийг сурталчлав.

Жаргалант суманд 700 гаруй ардын авьяастан, өвлөн уламжлагч бий 

Энэхүү өдөрлөг нь соёлын өвийг өвлөн уламжлагчийн бүтээл, авьяас чадварыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах, хадгалан хамгаалах, өвлүүлэн үлдээх, цаашлаад нутгийн иргэдэд түшиглэсэн орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэдэд санхүүгийн эх үүсвэр бий болгох давуу талтай.

Өдөрлөгийн ерөнхий зохион байгуулагчаар Ховд аймгийн Жаргалант сумын ЗДТГ, Баруун бүсийн байгаль орчныг судлах, хамгаалах төв НҮТББ хамтран ажиллалаа.

Холбоотой мэдээ