Эмэгтэйчүүдийн “Евро-2025” тэмцээний бэлгэдэл сахиусыг танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2024-11-30 11:42:30

ЖЕНЕВ, 2024 оны арваннэгдүгээр сарын 30 /AFP/. Швейцар улсад болох 2025 оны эмэгтэйчүүдийн Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний бэлгэдэл сахиусыг олон нийтэд танилцуулсан нь Маддли хэмээх нэртэй Сент-Бернард үүлдрийн гөлгөн нохой байлаа.


Европын хөл бөмбөгийн холбоо /УЕФА/ бэлгэдэл сахиусны утга учрыг тайлбарлахдаа, Сент-Бернард бол Швейцарын алдартай аврагч нохой бөгөөд эр зориг, эелдэг зөөлөн ааш, Альпийн нурууны хүнд хэцүү нөхцөлд аврах ажиллагааны үед ур чадвараараа гайхагддаг гэжээ.


Бэлгэдэл сахиусны нэрийг өгөхдөө Швейцарын анхны лицензтэй эмэгтэй хөлбөмбөгчин Мадлен Боллд тохиолдсон үйл явдлаас санаа авсан байна. “FC Sion”-ийн залуучуудын багт тоглож байсан тэрбээр 1964 онд лиценз авсан боловч дараа жил нь буюу 12 настай байхад нь охин хүүхэд гэдгийг нь мэдэлгүйгээр лиценз олгосон гэдгээ эрх баригчид мэдээд хүчингүй болгож байжээ.


“Энэ бүхэн үнэхээр гэнэтийн үйл явдал байлаа, гэхдээ би үнэхээр бахархаж байна, учир нь энэ бол надад өгсөн гайхалтай бэлэг юм” гэж 71 настай М.Болл Маддлитай зургаа авахуулсныхаа дараа сэтгүүлчдэд сэтгэгдлээ хуваалцжээ.


Намайг тоглож эхэлж байхад эмэгтэйчүүдийн хөл бөмбөг гэж байхгүй, дөнгөж л эхлэл нь тавигдаж байсан хэмээн тэрбээр дурсан ярилаа.


Европ тивийн шилдэг хөл бөмбөгчин бүсгүйчүүд 2025 оны долоодугаар сарын 2-27-ны өдрүүдэд Швейцарын цэнгэлдэх хүрээлэнгүүдэд хурд хүч, авхаалж самбаагаа сорих юм.  

 


Холбоотой мэдээ