Төсөл хөтөлбөрийн үр дүн, дараагийн шатны хамтын ажиллагааны талаар ярилцав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны КОЙКА байгууллагын Монгол дахь орлогч дарга Кан Жунрёо болон шинжээч, хөтөлбөрийн ажилтнууд, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн засаглалын хөтөлбөрийн судалгааны багийнхантай уулзлаа.
Уулзалтаар шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал,
эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог хангахад чиглэсэн төсөл хөтөлбөрийн үр дүн, дараагийн шатны хамтын
ажиллагааны талаар ярилцсан юм.
УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, энэ төсөл
хэрэгжсэнээр эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшний оролцоог нэмэхэд чухал
үүрэг гүйцэтгэсэн. Тухайлбал, УИХ-ын 9 дэх удаагийн УИХ-ын сонгуулийн үр дүнд
126 гишүүнтэй парламентад 32 эмэгтэй гишүүн сонгогдлоо. Ингэснээр
манай улсын улс төрийн түүхэнд төдийгүй Ази тивдээ ч жендэрийн тэгш
байдлыг хангахад ахиц гаргасныг
онцлов. Мөн тэрбээр, Энэ удаагийн парламент хүн төвтэй үзэл баримтлалыг дээдлэн,
хууль тогтоох бүх үйл ажиллагаандаа хүний эрхийн мэдрэмжтэй хандахыг гол
зорилго хэмээн тодорхойлж байна. УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөөний
үндсэн зорилт нь хүн төвтэй парламентыг төлөвшүүлэхэд чиглэж байгаа гээд,
БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны КОЙКА байгууллагатай УИХ-ын стратеги төлөвлөгөөний
хэрэгжилтийг хангахад хамтран
ажиллах хүсэлтэйгээ илэрхийлжээ.
КОЙКА байгууллагын Монгол дахь орлогч дарга Кан Жунрёо,
хүн төвтэй парламентын үйл ажиллагааг дэмжихээ илэрхийлээд, энэ удаагийн парламентад таван намын төлөөлөл
багтаж, улмаар олон эмэгтэй хууль тогтоох байгууллагад сонгогдсон учир хамтын ажиллагаагаа
өргөжүүлэхийг зорьж байна гэлээ. Мөн УИХ-ын гишүүдийн хууль тогтоох
үйл ажиллагааг дэмжиж, төслийн
нэгдүгээр шатны амжилтаа бататгах хүсэлтэй байна хэмээгээд, УИХ-ын 2024-2028 оны стратеги
төлөвлөгөөтэй танилцаж, төсөл хөтөлбөрөө уялдуулан чиглүүлж ажиллах саналыг дэмжиж байгаагаа илэрхийлснийг УИХ-ын Хэвлэл
мэдээллийн газраас мэдээллээ.