Монгол-Америкийн технологийн компаниудын харилцааг өргөжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-12-03 09:44:57

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтан-Од Монгол дахь Америкийн худалдааны танхимын /АмЧам Монгол/ Гүйцэтгэх захирал О.Адьяа, Бодлого, сурталчилгаа хариуцсан захирал И.Гэрэлчулууныг хүлээн авч уулзлаа.


П.Алтан-Од “Шинэ парламент, хамтарсан Засгийн газар бүрдэж, 4 жилийн төлөвлөгөө, салбарын бодлого стратеги боловсруулж байна. Засгийн газраас инновацыг чухалчилж, төрийн үйлчилгээг цахимжуулах, өгөгдлийг боловсруулахад хиймэл оюуныг ашиглаж байна. Харилцаа холбооны стратеги боловсруулах ажлын хэсэг гаргасан. НҮБ-ын суурь баримт бичигт тулгуурлан ёс зүйтэй хиймэл оюуны бодлого боловсруулах судалгаа хийж байгаа. Эстони Улс 1990 оноос хиймэл оюуны чиглэлд стратегиэ боловсруулж, хоёр жил тутамд шинэчлэн өнөөгийн түвшинд иржээ. Энэ туршлагыг судлан, И-Монгол платформ нэвтрүүлж, гар утасны апп хөгжүүлэн, давхацсан тоогоор 2 сая гаруй иргэнд үйлчлээд байна. Цаашид төрийн үйлчилгээг цахимжуулахдаа чанарт анхааран, хиймэл оюунд суурилсан өгөгдлийг боловсруулж, хөгжүүлэхээр төлөвлөжээ. Харин цахим эдийн засгийг бодлогын хүрээнд дэмжинэ” хэмээн ярилаа.



О.Адьяа “АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах, Америкийн хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр ажилладаг. Манай байгууллага энэ онд хиймэл оюуны хөгжлийн чиглэлээр бодлогын баримт бичиг гаргасан. Энэ хүрээнд Америк-Монголын бизнес эрхлэгчдийг холбох, ялангуяа технологийн компаниудын харилцааг өргөжүүлэх, төлөөлөгчийн газар байгуулахад анхаарч байна” хэмээн онцолж, цаашид ЦХИХХЯ-тай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.


АмЧам Монгол нь 3 сая гаруй гишүүнтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Түүнчлэн Ази Номхон далайн 29 орны Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн аж.

Холбоотой мэдээ