Цаасгүй төр болоход зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Засгийн газар иргэдэд төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, шуурхай хүргэх үүднээс 2020 онд “E-Mongolia” системийг нэвтрүүлж, 86 байгууллагын 1255 үйлчилгээг цахимд нэгтгээд байна.
Иргэд төрийн үйлчилгээг цахимаар авахдаа 85 хувь нь гар утаснаас, 13 хувь нь суурин компьютероос, 2 хувь нь киоск машинаас авдаг ажээ.
Гэсэн ч “e-mongolia” системээс төрийн үйлчилгээг авахад олон асуудал тулгарч байна. Тухайлбал, хувийн хэвшил, арилжааны банкууд “e-mongolia” системийн лавлагааг хүлээн зөвшөөрөхгүй, төрийн цахим үйлчилгээг цаасаар нэхэх, хуулийн этгээдтэй холбоотой үйлчилгээг цахимаар авах нь илүү хүндрэлтэй, удаан шийддэг, гадаад паспортын зургийг “e-mongolia” системд оруулахад бэрхшээлтэй байна. Гадаадад амьдарч буй иргэд ч төрийн үйлчилгээг цахимаар авахад хүндрэл үүсдэг ажээ. Үүнийг шийдэх үүднээс ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү И-Монгол академийн захирал Б.Мягмарнаран, Үндэсний дата төвийн захирал М.Баттулга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга У.Болдхүү тэргүүтэй албаны төлөөлөгчидтэй уулзсан байна.
УБЕГ-аас төрд
буй иргэний цахимжсан мэдээллийг хувийн хэвшил, банкуудаар хүлээн
зөвшөөрүүлэх талаар хэд хэдэн
удаа уулзсан ч тодорхой үр дүнд хүрэхгүй байгаа.
Тодруулбал, арилжааны банкууд ХУР системээс иргэний мэдээллийг татаж байгаа
хэрэглээ их байгаа ч “e-mongolia”-гийн лавлагаа, тодорхойлолтыг хүлээн
зөвшөөрдөггүй. Түүнчлэн шүүх, прокурор, цагдаагийн иргэдэд үзүүлж буй
үйлчилгээг цахимжуулахад хүндрэлтэй байгаа зэрэг асуудлыг дурдсан байна.
Харин гадаадад байгаа иргэдэд төрийн үйлчилгээг хүргэхийн тулд Дипломат төлөөлөгчдийн газруудад мэргэшсэн бүртгэлийн ажилтан ажиллуулах саналаа ГХЯ-нд өгчээ. Киоск машиныг БНСУ-ын Сөүл, Бусан хотод ажиллуулж байгаа ажээ.
УБЕГ-ыг дарга У.Болдхүү “Төрийн цахим үйлчилгээ авах дэд
бүтэц бүрдсэн ч хэрэглээ хангалтгүй. Цаасан архив их хэмжээний орон зай, төсвийн зардлыг эзэлсээр байгаа нь түүний эрэлт
хэрэгцээ их байгаатай холбоотойг онцлоод, цахим шилжилтийг уриа лоозон биш
бодит ажил хэрэг болгоход суурь, үйл
явцын хууль, дүрэм журамд
нэмэлт өөрчлөлт оруулах, иргэдийн мэдлэг, ойлголт, цахим ур чадварыг
сайжруулах, Засгийн газрын түвшинд ойлголтоо
нэгтгэх шаардлагатай байгааг онцолжээ.
Мөн иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн бүхий л мэдээллийг агуулж буй УБЕГ-ын серверийг кибер аюулгүй байдлын эрсдэлтэй гэж дүгнэсэн, энэ чиглэлд 2 тэрбум төгрөгийг төсөвлөсөн ч хасагджээ.
Сайд Ц.Баатархүү, “Кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээг Оксфордын их сургуулийн эрдэмтдээр хийлгэж байгаа, үр дүнг нь 12-р сарын сүүлд танилцуулна. Энэ судалгаанд суурилж, цаашид авах арга хэмжээг тодорхойлно. Засгийн газар улсын төсөвт кибер аюулгүй байдлын тусгайлсан төсвийн ангиллыг бий болгох шийдвэр гаргасан. Төрд байгаа өгөгдлийг эргэлтэд оруулж, хиймэл оюуныг шийдвэр гаргахад ашиглах судалгаа хийж байгаа. Цаасгүй төр болоход зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулна" хэмээсэн юм.
Тэрбээр талуудын байр суурийг сонсож, “И-Монгол академи”, “Үндэсний дата төв”-ийг асуудлыг
судалж, ирэх 7 хоногийн сайдын шуурхай хуралд танилцуулах үүрэг өгөв. Мөн ХЗДХЯ-тай
хамтран суурь, процессын
хуулийн нэмэлт өөрчлөлт дээр хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрд байгаа
иргэний мэдээллийг нэхэхгүй, цаасан суурийг халах ажлыг эрчимжүүлэхээр тогтсоныг ЦХИХХЯ мэдээлжээ.