Төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Төслийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр хуралдаанд танилцуулахдаа, “Монгол Улсын Ерөнхийлөгч төсвийг үр ашигтай, хэмнэлттэй, алдагдалгүй батлах нь зүйтэй гэж үзэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьж, УИХ хоригийг хүлээн авч, хуулийг хүчингүй болгосон. Төсвийг алдагдалгүй батлах хүрээнд төсвийн зарлагыг 2.3 их наяд төгрөг буюу ДНБ-ий 2.4 хувьтай тэнцэх дүнгээр бууруулах, төсвийн зарлагыг багасгахтай холбогдуулан төсвийн орлогыг 395 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 0.4 хувьтай тэнцэх дүнгээр бууруулах шаардлага үүссэн”-ийг дурдсан юм. Иймд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг
2025-2027 онд алдагдалгүй байхаар, нэгдсэн төсвийн суурь тэнцлийг 2025 онд
ДНБ-ий 3.5 хувьтай тэнцэх хэмжээний ашигтай, 2026-2027 онд ДНБ-ий 2 хувьтай
тэнцэх хэмжээний ашигтай байхаар тооцож тусгажээ.
Инфляц 2023 оны эцэст 7.9 хувь байсан бол энэ оны 10 дугаар
сарын байдлаар 7 хувь байв.
Засгийн газар төсвийн хүрээний мэдэгдэлд 2025 оны жилийн дундаж инфляцыг 7.5
хувь гэж тооцсон бол төсвийн
зарлагыг 2.3 их наяд төгрөгөөр бууруулж байгаатай уялдуулан 2025 оны дундаж
инфляцыг өмнөх төсөөллөөс 0.3 нэгж хувиар багасгаж, 7.2 хувь байхаар тооцон, хуулийн төсөлд тусгалаа.
Төсвийн зардал буурснаар эрэлтээс үүдэлтэй инфляц өсөх дарамт буурч, мөнгөний бодлогын орон зай нэмэгдэхээр байгаа ч геополитикийн тогтворгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, тээвэр логистикийн саатлаас үүдэн импортын инфляц нэмэгдэх эрсдэл хэвээр байгааг тэмдэглэв. УИХ-аас баталсан Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд 2025 оны эдийн засгийн өсөлтийг 8 хувьд хүргэх зорилт тавьсан учир төсвийн хүрээний мэдэгдэл дэх ДНБ-ий төсөөллийг өөрчлөхгүй хэвээр хадгалсан гэлээ.
Төсвийн зардлыг багасгаж байгаа нь зарим салбарын өсөлтийг хязгаарлах хэд хэдэн хүчин
зүйлсийн нөлөөгөөр улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгасан 8 хувийн эдийн
засгийн өсөлтийг хангах боломжтой гэж үзсэнийг Л.Гантөмөр танилцуулав. Тухайлбал, энэ онд үйлдвэрлэлийн
зориулалттай машин, тоног төхөөрөмж, ачаа тээврийн хэрэгслийн импорт өмнөх оныхоос 34 хувиар өсөж, 2.9 тэрбум
ам.доллар буюу нэрлэсэн ДНБ-ий 15
орчим хувьд хүрсэн нь цаашдын эдийн засгийн потенциал хүчин чадлыг нэмэхээр
байгаа аж.
Энэ онд 78 сая тонн нүүрс, экспортлохоор төлөвлөсөн бөгөөд
2024 оны 12 дугаар сарын 3-ны байдлаар нүүрсний экспорт 78 сая тоннд хүржээ. Экспорт энэ хурдаар он дуустал
үргэлжлэхэд 2024 онд 83-84 сая тоннд хүрч, төлөвлөгөөнөөс 6-7 хувиар давах
тооцоо бий. Ирэх 2025 онд 83
сая тонн нүүрс экспортлох зорилт тавьж, төлөвлөгөөг давуулан биелүүлэх боломжтой гэж үзжээ. Мөн зэсийн баяжмалын экспорт одоогоор өмнөх оны мөн үеийнхээс 9 орчим хувиар их байгаа гэлээ.
Уул уурхайн салбар энэ оны эхний 3 улирлын байдлаар 11.4
хувиар нэмэгдлээ. Энэ онд уул
уурхайн салбарт ашигладаг хүнд машин механизмын импорт өмнөх оныхоос 2 дахин, ачааны тээврийн хэрэгсэл 85
хувиар өссөн нөлөөгөөр 2025 онд уул уурхай, тээврийн салбар өсөлттэй байх магадлалыг дурдсан. Худалдаа,
үйлчилгээний салбар энэ оны
эхний 3 улиралд 8.8 хувиар өсөв. Тус
салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжийн тоо 6.2, хөдөлмөр эрхлэлт 13,
зээл олголт 47 хувиар өссөн нь ирэх онд үйлчилгээний салбарын өсөлт тогтвортой
хадгалагдах нөхцөлийг бүрдүүлж байгаа аж.
Эрчим хүчний салбар энэ оны эхний 3 улиралд 5.2 хувиар нэмэгдлээ. Тус салбарт хэрэгжиж буй Бөөрөлжүүт, Чойбалсангийн станц,
Багануурын батарей хуримтлуурын бүтээн байгуулалтууд эдийн засгийн потенциал
хүчин чадлыг дэмжинэ гэж тооцжээ.
Мөн эрчим хүчний либералчлалыг цогцоор нь алгуурлалгүй хэрэгжүүлснээр тус
салбар дахь хөрөнгө оруулалт нэмэх
үндэс болно гэж
үзжээ.
Хөдөө, аж ахуйн салбар байгаль, цаг уурын нөлөөгөөр 2023 онд
8.9 хувиар, 2024 оны эхний 3 улиралд 25 хувиар дараалан унасан бөгөөд тус
салбар 2025 оноос сэргэж эхлэх төлөвтэйг Л.Гантөмөр илтгэлдээ дурдав. Ирэх
оноос хөдөө, аж ахуйн салбар эдийн засгийн өсөлтийг дэмжиж эхэлнэ гэж тооцож
байгаа аж.
Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалттай тоног
төхөөрөмжийг гаалийн татвараас хөнгөлсний үр дүнд хүнсний үйлдвэрлэлийн
зориулалттай тоног төхөөрөмжийн импорт энэ онд 56 хувиар нэмэгджээ. Тоног төхөөрөмжийн импортын өсөлт, хөдөө аж ахуйн салбарын сэргэлт
нь боловсруулах салбарын өсөлтийг дэмжих тооцооллыг дурдав.
Эдийн засгийн бодит салбаруудад бий болж буй
дээрх боломжуудыг 2025 онд бүрэн ашиглаж, эдийн засгийн өсөлтийг улсын хөгжлийн
жилийн төлөвлөгөөнд тусгасан 8 хувьд хүргэх зорилтыг хангах боломжтойг төсөл
санаачлагчийн илтгэлд тэмдэглэлээ.
Танилцуулгатай
холбогдуулан Байнгын хорооны гишүүдийн
дунд санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсын
нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн
төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын
хүрээнд хэлэлцэхийг дэмжив. Иймд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн
хуралдаанд танилцуулахаар болсныг
УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.