Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний аян эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян Монголд нээлтээ хийлээ.
Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа бөгөөд аян нь дэлхий дахинд “Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход нэгдье” уриаг дэвшүүлжээ. Харин манай улсад “Охид, эмэгтэйчүүд хаана ч аюулгүй- Шалтаг бүү тооч” уриан дор үндэсний хэмжээнд албан ёсоор эхлүүлсэн нь энэ.
Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аяныг жил бүрийн арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 10-нд зохион байгуулдаг бөгөөд манай улсад анх 1997 онд анх Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийнхөн үүнийг эхлүүлж байсан билээ.
Аяны нээлтэд Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёните тэргүүтэй албаныхан оролцсон байна.