ӨМНӨГОВЬ: Аймгийн номын сан 80 жилийн түүхтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-12-07 09:36:48

Даланзадгад, 2024 оны арванхоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн төв номын сангийн түүхт 80 жилийн ой тохиож байна.

 

Аймгийн номын сангийн шавыг анх 1944 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Даланзадгад сумын соёлын клубийн нэг өрөөнд 200 гаруй ном, нэг хүний орон тоотой аймгийн Намын хорооны товчооны хурлын 69 дүгээр тогтоолоор үүсгэн байгуулжээ.


Харин 1963 оноос сумдад номын сан байгуулж, сумдын номын санчдад зааж зөвлөх арга зүйн ажил эхэлжээ.

 


Аймгийн төсвийн хөрөнгөөр 1971 онд одоогийн 50000 номын багтаамжтай номын сангийн зориулалтын 2 давхар барилгыг барьж ашиглалтад оруулж, номын 2 талт тавиур 17, хүүхдийн уншлагын ширээ 20, ном олгогчийн ширээ 3, бичгийн ширээ 2, сонин сэтгүүлийн тавиур 2-ыг хийлгэн шинэ орчинд уншлага үйлчилгээг иргэдэд хүргэж эхэлсэн тухайгаа номын сангийн эрхлэгч асан Ц.Цэвэлмаа тайландаа тэмдэглэн үлдээжээ.

 

Өмнөговь аймгийн төв номын сангийн түүхт 80 жилийн ойн баярын үйл ажиллагааг 12 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд тэмдэглэлээ.

 


Ойн баярын хурлыг Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх нээж үг хэлсэн бөгөөд түүхт ойгоо тэмдэглэж буй номын санчдад, ирсэн зочид төлөөлөгчдөд баяр хүргэж хүндэтгэл илэрхийлж, үе үеийн номын санчид, шилдэг тэргүүний ажилчдаа шагнан урамшууллаа.

 

Монгол Улсын “Соёлын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр ахмад номын санч Мижиддоржийн Цэенпил, сан хөмрөгч Төрбатын Нямсүрэн, нийтийн уншлагын танхимын номын санч Намбарын Даваажаргал нарыг шагналаа.

 

Харин Өмнөговь аймгийн “Тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр ахмад номын санч Ренчинсамбуугийн Бодьцэцэг, ахмад ажилтан Цоодолын Тогтох, сүлжээ-мэдээллийн ажилтан Батбаярын Оюунзаяа, Өмнөговь аймгийн ИТХ-ын “Хүндэт жуух” бичгээр үйлчлэгч, нярав Цэдэн-Ишийн Бадамханд, харуул Задьхүүгийн Батхуяг, Монголын соёлын ажилтны “Соёлын түшиг” холбооны дээд шагнал “Соёлын гавьяа” одонгоор Ахмад номын санч Чулуунхүүгийн Түвшинжаргал, ахмад номын санч Агвааны Оюунгэрэл, Монголын Залуучуудын холбооны "Тэргүүний залуу" тэмдгээр харуул жолооч Хүүшийн Мөнххуяг, каталогч Мягмарын Баасанжав, Монголын Залуучуудын холбооны "Хөдөлмөрийн алдар" тэмдгээр хүүхдийн уншлагын танхимын номын санч Ганболдын Ренчиндаваа нарыг тус тус шагнасан юм.


Өмнөговь аймгийн Төв номын сан одоогоор 11 ажилтантай, 44559 ном хэвлэл бүхий сан хөмрөгтэй, жилд 3000 гаруй байнгын уншигч, 20000 хүнд 30 мянга гаруй ном олгон, иргэд олон нийтэд ном соёлын үйлчилгээг хүргэн ажиллаж байна. 

 

Жилд дунджаар 400 гаруй ном хэвлэлээр сан хөмрөгөө баяжуулж, мэргэжлийн боловсон хүчнээр хангах, номын санчдын мэргэжил ур чадварыг дээшлүүлэх тал дээр онцгой анхаарч, төв хөдөөгийн номын санчдын мэргэжил ур чадварыг дээшлүүлэх, номын сангийн туршлага судлах ажлуудыг харьяа яам, Үндэсний номын сан, орон нутгийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.


 


Холбоотой мэдээ