Улс төрийн намын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2024-12-06 15:41:14

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Улс төрийн намын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.


Төрийн байгуулалтын байнгын хорооны энэ сарын 2-ны өдрийн тогтоолоор уг хуулийн төслийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнээр ахлуулан байгуулсан бөгөөд ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, О.Цогтгэрэл, Э.Одбаяр, Г.Уянгахишиг нар ажилласан юм.


Хуралдааны эхэнд Ажлын хэсгийн гишүүн Г.Уянгахишиг ажлын хэсгийн санал, дүгнэлтийг танилцуулахдаа, “Ажлын хэсэг 2 удаа хуралдаж, нам дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэн хэрэгжүүлэх хугацааг 2027 оны 8 дугаар сарын 1-ний өдөр хүртэл сунгахаар хуулийн төсөлд тусгасныг өөрчлөхөөс гадна УИХ 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдөр баталсан Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд намын дүрэм, хөтөлбөр, зохион байгуулалтын өөрчлөлтийг 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хүргүүлэхээр заасан хугацааг Засгийн газраас өнгөрсөн сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нэмж тусах нь зүйтэй гэж үзсэн”-ийг дуулгав.


Түүнчлэн УИХ-ын нэр бүхий эмэгтэй 20 гишүүдээс ирүүлсэн санал, СЕХ-ны 11 дүгээр сарын 6-ны албан бичгээр ХЗДХ-ийн сайдад хүргүүлсэн санал, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д заасан төрийн санхүүжилтийг олгох асуудлыг нэг мөр шийдэхийн тулд Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нам дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэн уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 2027 оны 8 дугаар сарын 1-ний дотор хүргүүлэхээр заасныг өөрчилж уг арга хэмжээг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлэхээр тусгах саналыг ажлын хэсэг бэлтгэсэн хэмээлээ.


Мөн хуулийн төсөлд уг хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасныг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр өөрчлөх саналыг танилцуулсан юм. 


Байнгын хороо УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу хууль, тогтоолын төслүүдийг зүйл бүрээр нь хэлэлцсэн бөгөөд УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Байнгын хорооны хуралдаанаар ажлын хэсгээс гаргасан нам дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтаа Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх хугацааг 2027 оны 8 дугаар сарын 1-ний өдөр хүртэл сунгахаар хуулийн төсөлд тусгасныг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор болгон өөрчлөн, уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлэх, мөн хуулийн төслийн 2 дугаар зүйлд уг хуулийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөхөөр заасныг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр өөрчлөх зэрэг зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнийг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ