Япон руу экспортлох бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээг цахимаар олгохоор боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Япон Улс руу экспортлох бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээг цахимаар олгохоор болжээ. Энэ нь хоёр улсын хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийг идэвхижүүлж, үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой аж.
Хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсаас Япон Улс руу экспортолж буй бараа бүтээгдэхүүнд олгох гарал үүслийн гэрчилгээг цахимжуулах зорилгоор Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн Танхимаас мөн Япон талаас ирүүлсэн саналын дагуу тус гэрчилгээг 2025 оны 5 дугаар сарын 7-ны өдрөөс “PDF” форматаар экспортлогч нарт олгож эхлэхээр болсныг мэдэгдлээ. Түүнчлэн ЭЗХЯ цахим цонхны үйл ажиллагааг нээж буйг өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.
Нэмж тодруулахад, Эдийн
засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр 2016 онд
хүчин төгөлдөр болж, 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн юм.
Хэлэлцээрийг хоёр улсын
хооронд худалдаа, хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн салбарын нэмүү өртөг
шингээсэн экспорт, валютын орлого зэргийг нэмэгдүүлэх, Японы тарифын болон
тарифын бус саад тотгорыг багасгах, худалдааг хөнгөвчлөх, гаалийн бүрдүүлэлтийг
хялбаршуулах зорилгоор байгуулсан юм. .
Хэлэлцээрийн хүрээнд
Монголын тал 97 бүлгийн 5700 орчим төрлийн бараа, Японы тал 97 бүлгийн 9300
орчим төрлийн барааны импортын гаалийн тарифыг бууруулахаар хэлэлцээ хийж, манай
улс эдгээр импортын барааны гаалийн тарифын 59 хувийг (3429 төрлийн бараа),
харин Японы тал 86 хувийг (8000 төрлийн бараа) хэлэлцээр хүчин төгөлдөр болсон
өдрөөс эхлэн тус шууд чөлөөлсөн юм.