Монголын ногоон санхүүгийн корпорацын эрүүл орчинд амьдрах төслийн үр шимийг 23 мянган өрх хүртэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-12-06 17:35:23

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн сүүлийн 20 жилд эрчимжиж, өнөөгийн байдлаар Монгол Улсын нийслэлийн төвлөрөл, ачаалал хэтэрч, хүн амын нягтрал 72.8 хувьд хүрсэн.


Үр дүнд нь нийслэлийн 47 хувийг гэр хороолол эзэлж, агаар, ус, хөрсний бохирдол нь Улаанбаатарын тулгамдсан асуудал болоод удаж байна. Эдгээр асуудлыг байгаль орчин, нийгэмд ээлтэй, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, тогтвортой, ногоон хөрөнгө оруулалтыг дэмжих зорилго бүхий Монголын ногоон санхүүгийн корпорацаар дамжуулан цогцоор нь шийдвэрлэх боломж нээгдэж байна. Тус корпорацын суурийг 2017 онд тавьсан. Гэвч төр, олон улсын байгууллага, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтад суурилан 50 сая ам.долларын гарааны хөрөнгөтэйгөөр үүсгэн байгуулахаар олон улсын Уур амьсгалын ногоон сантай Монгол Улсын Засгийн газар ажиллаж ирсэн ч бүрэн утгаараа үйл ажиллагаа явуулаагүй байсныг эрчимжүүлэхээр Сангийн сайд 2024 оны наймдугаар сард тушаал гарган Ажлын хэсэг байгуулаад буй юм.


Тэгвэл Монголын ногоон санхүүгийн корпорацын 33 хувийг Хөгжлийн банк эзэмшиж, Уур амьсгалын ногоон сантай хамтран ажиллах нөхцөл бүрдсэн байна. МНСК-ыг байгуулснаар шалгуур хангасан дотоодын санхүүгийн байгууллагуудад хөнгөлөлттэй нөхцөлтэй ногоон зээл олгох юм. Энэхүү эх үүсвэрийг банк, санхүүгийн байгууллагууд эхний ээлжинд эрчим хүчний хэмнэлттэй технологи, амины орон сууц болон дулаалгыг дэмжих зээлийг санхүүжүүлэхэд зориулна. Ингэснээр 23 мянган өрхийн 86 мянган иргэн үр шимийг нь хүртэж, эрүүл тухтай орчинд амьдрах нөхцөлөөр хангагдах ажээ. Түүнчлэн 1470 шинэ ажлын байр бий болохын сацуу нүүрсхүчлийн хийг 22 орчим хувь бууруулах боломжтой гэсэн тооцоолол гарчээ.


Тиймээс холбогдох байгууллагуудын дэмжлэгийн үр дүнд Уур амьсгалын ногоон сангийн Удирдах зөвлөл МНСК-д 15 жилийн хугацаатай, жилийн нэг хувийн хүүтэй 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл болон хоёр сая ам.долларын буцалтгүй тусламж олгох саналыг 2020 онд тавьжээ. Энэхүү төслийг хэрэгжүүлж эхлүүлэх үндсэн нөхцөл нь Монгол Улсын Засгийн газар болон хувийн хэвшлийн хамтарсан санхүүжилтийг шийдвэрлэх юм. Иймд Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын Хөгжлийн банк, НҮБ-ын Уур амьсгалын ногоон сан болон хувийн хэвшлийн холбогдох байгууллагууд МНСК-ын дүрмийн санд тус бүр 5 сая ам.доллартой дүйцэхүйц төгрөгийн санхүүжилт олгох замаар 33.33 хувийг эзэмшиж, үндсэн нөхцөлийг хангахаар тогтлоо. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Хөгжлийн банк нь төр, хувийн хэвшлийн хамтын санхүүжилтийн хүрээнд Монголын ногоон санхүүгийн корпорацад 5 сая ам.долларын хөрөнгө оруулж, тус корпорацын 33.33 хувийг эзэмших Засгийн газрын тогтоол энэ оны арваннэгдүгээр сард гарсан. Улмаар Монголын ногоон санхүүгийн корпорацын үйл ажиллагаа эхлэх боломж бүрджээ. Монгол Улс ногоон эдийн засгийн стратегийг улам бүр чухалчилж байгаа энэ үед Хөгжлийн банк эрчим хүчний хэмнэлт, сэргээгдэх эрчим хүч, орлогод нийцсэн орон сууц зэрэг төсөлд хөрөнгө оруулж, санхүүгийн экосистемийг бэхжүүлэх, урт хугацаандаа тогтвортой санхүүгийн өгөөж хүртэх боломжтой юм.


Засгийн газрын уг тогтоол нь олон улсын байгууллага, хувийн хэвшил болон Монгол Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх замаар агаар, орчны бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн ногоон төсөл хөтөлбөрүүдэд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, олон улсад өгсөн амлалт, үндэсний хөгжлийн болон Засгийн газрын үйл ажиллагааны зорилтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилготой. МНСК-ын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Хөгжлийн банк оролцсоноор хэд хэдэн томоохон боломж бий болно хэмээн үзжээ. Тухайлбал, дээр дурдсанчлан МНСК-ын хувь эзэмшиж, Монгол Улсад тогтвортой санхүүгийн салбарт тэргүүлэгч байр суурьтай болох, түүнчлэн ногоон төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтэд идэвхтэй оролцоно. Энэ нь Хөгжлийн банкны нэр хүнд дотооддоо болон олон улсад өсөх бөгөөд Монголын ногоон эдийн засагт шилжих үйл явцад гол үүрэг гүйцэтгэх юм. Мөн Уур амьсгалын ногоон сан, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллагатай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, олон улсын түншүүдээс хөнгөлөлттэй санхүүжилт, буцалтгүй тусламж авах боломжийг нээж, бага хүүтэй эх үүсвэр, техникийн туслалцаа авах, ирээдүйн ногоон төсөлд оролцох, Уур амьсгалын ногоон сан болон бусад холбогдох олон улсын ногоон сангийн магадлан итгэмжлэл авахад эергээр нөлөөлөх давуу талтай юм байна.


Монгол Улс Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх Үндэсний бодлого, “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах, 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалт ба шингээлтийн зөрүүг тэглэх бодлого баримтлахаа олон улсын өмнө илэрхийлсэн. Тиймээс амьдралын чанар, хүний хөгжлийг сайжруулж, чанартай боловсрол, сайн засаглалыг бий болгох замаар ногоон, хүртээмжтэй хөгжилд хүрэх зорилтыг тавин ажиллаж байна. Ингэхийн тулд манай улсад ойролцоогоор 11.5 тэрбум ам.доллар шаардагдах урьдчилсан тооцоолол гарсан. Энэ хөрөнгийг Монгол Улсын төсвөөс гадна олон улсын санхүүгийн байгууллага, донор орнуудын зээл, буцалтгүй тусламж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар бүрдүүлэх боломжтой. Монголбанкны 2024 оны хагас жилийн ногоон зээлийн тайланд банкны салбарын нийт зээлийн 3.2 хувь буюу 1071.1 тэрбум төгрөгийг ногоон зээл эзэлж байна. Энэ нь ногоон шилжилт хийхэд Монгол Улсад шаардагдах 11.5 тэрбум ам.долларын буюу 40 их наяд төгрөгийн санхүүжилтийн дөнгөж нэг хувьтай тэнцэж байгаа юм.


МНСК-ын үйл ажиллагааг эхлүүлэх санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд Монгол Улсын төсвийн эх үүсвэрээс 13 сая ам.доллартой дүйцэх төгрөгийн санхүүжилтийг төсөвт эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр Монгол Улсын хөгжлийн банканд олгохоор мөн тусгасан байна. Улсын төсвийн энэхүү санхүүжилт нь иргэдийн аж байдлыг сайжруулж ядуурлыг бууруулах, нийгмийн тэгш хүртээмжтэй байдлыг хангах, хүлэмжийн хийн ялгарал багатай, үрэлгэн хэрэглээг багасгасан хөгжлийн загварт шилжих бодлогыг хэрэгжүүлэхэд шууд дэмжлэг үзүүлэх юм.

 

Холбоотой мэдээ