ТӨВ: “Хуулиа дээдэлье” тэмцээнд 125 хүүхэд оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-12-07 09:30:10

Зуунмод, 2024 оны арванхоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 17 дахь жилдээ “Хуулиа дээдэлье” тэмцээнийг Төв аймгийн ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгууллаа.


Тэмцээний 1 дүгээр шатанд 25 сумын 125 хүүхэд оролцсоноос, 12 дугаар сарын 4-ний өдөр шилдэг 8 сумын хүүхдүүд авьяас чадвар, эрдэм мэдлэгээрээ өрсөлдөв.


Энэ удаагийн тэмцээнийг гэр бүлийн хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлт, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан юм.


Тэмцээнд оролцогч хүүхдүүд өгөгдсөн сэдвийн хүрээнд өсвөр үе, хүүхэд, залуучуудад тулгамдаж буй асуудлуудыг өөрсдийн өнцгөөс илэрхийлэн, дуу хоолойгоо хүргэлээ.


Түүнчлэн мэндчилгээ, хуулийн асуулт хариулт, жүжигчилсэн тоглолт, ахлагч нарын асуулт хариултын тэмцээн, бүтээлч ажлаараа бичлэг хийх зэрэг таван үзүүлэлтээр өрсөлдөв.


Тэмцээний тэргүүн байрт Эрдэнэ сумын “Эрх зүйн этгээд” баг, дэд байрт Лүн сумын “Хатуу самар” баг, гутгаар байрт Зуунмод сумын “ZM-Stars” баг тус тус шалгарлаа.


“Хуулиа дээдэлье” тэмцээнд давхардсан тоогоор аймгийн хэмжээнд 2100 гаруй хүүхэд оролцсон байна. 



Холбоотой мэдээ