Ноолуурын салбарт олон улсын хөдөлмөрийн тарифт цалингийн сүлжээ нэвтэрнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
erdenebat@montsame.mn
2024-12-07 13:53:41

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Монголын ноос ноолуурын холбоо /МННХ/, Монголын хөнгөн үйлдвэрийн ажилтны ҮЭ-ийн холбоо ХБНГУ-ын Фридрих-Эбертийн сангийн дэмжлэгтэйгээр ноолуурын салбарт “ Тарифын хэлэлцээр”-ийг боловсруулсан байна.


Хэлэлцээрт МННХ төлөөлж гүйцэтгэх захирал Д. Алтанцэцэг, Кашемир холдинг ХХКийн тэргүүн дэд захирал М. Баярбат, Ханбогд ХХКийн захирал хөдөлмөрийн баатар Ч. Ганцэцэг, Монголын хөнгөн үйлдвэрийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Э. Тамир нарын албаныхан гарын үсэг зурж баталгаажууллаа.


Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4 дахь заалт, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 98 дугаар конвенц, мөн олон улсын хөдөлмөрийн суурь зарчимд нийцүүлжээ.


Монгол улсад олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээнд нийцүүлсэн тарифт цалингийн хамтын хэлэлцээрийг анх удаа байгуулж байгаа нь энэ юм байна. Талуудын гарын үсгээр баталгаажсан хэлэлцээр 2026 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.


Ноолуурын салбарын 230 гаруй ажил мэргэжлийн жагсаалт, ажлын байрны тодорхойлолт, үйлдвэрийн шат дамжлага бүрээр нарийвчлан гаргаж Үндэсний ажил мэргэжлийн тодорхойлолтод нийцүүлэн ажил мэргэжил бүрд тавигдах мэдлэг, ур чадварын шаардлага, хүчин чармайлт, хариуцлага, хөдөлмөрийн нөхцөлд үндэслэн, цалингийн итгэлцүүрийг тогтоон, ажил мэргэжлийг үнэлэх аргачлал, ноолуурын салбарын олон улсын цалин хөлсний тарифын сүлжээтэй болно.


Уг системийг  нэвтрүүлснээр ноолуурын салбарт зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжин, тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд шаардлагатай шинжлэх ухааны үндэслэл бүхий цалин хөлсний олон улсын жишиг тогтож мөрдөгдөнө.



Холбоотой мэдээ