ХОВД: Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр санал уламжлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант, 2024 оны арванхоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд 10 мянга гаруй ахмад бий. Үүнээс 3000 орчим ахмад аймгийн төв буюу Жаргалант суманд амьдарч байна.
Өнөөдөр ахмадуудын санал бодлыг сонсох, тэднийг хөгжүүлэх, нийгмийн идэвх оролцоог нь дээшлүүлэхээр "Ахмадууд бидний өнгөрсөн - өнөөдөр - маргаашийн хөгжил" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Үүнд ахмадын байгууллага болон ахмадуудын эрх ашгийг хамгаалах, тэдний хөгжил, оролцоог нь нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж буй сайн дурын байгууллага, иргэдийн төлөөлөл 400 гаруй хүн оролцов.
Энэ үеэр ахмадын талаар төрөөс баримталж буй бодлого, үйл ажиллагаа, орон нутгийг хөгжүүлэх зорилт, зарим тулгамдсан асуудлын талаар оролцогчид мэдээлэл солилцлоо.
Мөн ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, авто замын засвар үйлчилгээг сайжруулах, хог хаягдлыг бууруулах, Хөшөөтийн уурхайгаас нүүрс тээвэрлэж байгаа жолооч нарын эрх ашгийг хамгаалах чиглэлээр иргэд олон санал хэллээ.