БЖДҮ-д зээл олгох 50 сая ам.долларын гэрээнд гарын үсэг зурлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2024-12-09 15:10:56

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банк, ХасБанк Монгол Улсад бичил, жижиг, дунд үйлдвэрүүдэд олгох санхүүжилтийг нэмэх, уур амьсгалын үйл ажиллагааг дэмжих 50 сая ам.долларын багц гэрээнд гарын үсэг зурлаа.


Энэ нь АХБ-ны 40 сая ам.доллар, Ази тивд хувийн хэвшлийг дэмжих Канадын уур амьсгал ба байгалийн сан буюу КАНПА-гийн 10 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээс бүрдэнэ. Ингэхдээ, 70 хувь нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, нөлөөллийг багасгах төслүүдэд, үлдсэн хэсэг нь олон салбарын БЖДҮ-ийн санхүүжилтэд, тэр дундаа эмэгтэйчүүдийн эзэмшдэг, удирддаг бизнесүүдэд зээл болж очих юм.


"Ногоон санхүүгийн зах зээл нь Монголын цэвэр тэг зорилтыг дэмжих тогтвортой эдийн засгийг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй"АХБ-ны Зах зээлийн шийдэл хариуцсан дэд ерөнхийлөгч Баргав Дасгупта хэлээд "Ази, Номхон далайн уур амьсгалын банкны хувьд АХБ эдгээр чухал бизнесийг эрхэлж буй хүмүүсийн амьжиргааг дээшлүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжихээ, мөн Монголыг уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллөөс хамгаалахад туслах зорилгоор ХасБанктай хамтран ажиллаж байна" хэмээн тодруулав.


Уур амьсгалын эмзэг байдал, хүлэмжийн хийн өндөр ялгаруулалттай нүүр тулж буй Монгол Улсын хувьд ногоон санхүүжилт чухал байгаа. Ногоон зээлийн зах зээл нь дөнгөж хөгжиж эхэлж байгаа учир бнкны нийт зээлийн багахан хувийг эзэлдэг. Монгол Улсын Засгийн газар 2030 он гэхэд энэ зах зээлийг өргөжүүлэхийг зорьж, хувийн хэвшлийн оролцоог нэмэх шаардлагатай байгаа юм.


БЖДҮ нь Монгол Улсын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг. Бүртгэлтэй бизнесүүдийн 70 гаруй хувийг, ажиллах хүчний ихээхэн хувийг бүрдүүлдэг. Гэсэн ч тэд зээл авахад, ногоон стандартад нийцсэн хөрөнгө оруулалтад зээл авахад бэрхшээл тулгардаг. БЖДҮ-ийн уур амьсгалд ээлтэй, хүртээмжтэй санхүүжилт авах боломжийг нэмэх нь стратегийн чухал салбарын дархлааг нэмэхийн зэрэгцээ улс орны тогтвортой, хүртээмжтэй хөгжлийг дэмжих юм. Мөн АХБ нь эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжих банкны шинэ бүтээгдэхүүн санал болгох замаар ХасБанкыг жендэрийн тэгш байдлыг дэмжихэд нь тусална.


"ХасБанк нь тогтвортой санхүүжилтийг нэмэх, Монголын уур амьсгалын тэсвэрлэх чадварыг сайжруулахад хувь нэмэр оруулж буй бизнесүүдийг дэмжих чиглэлээр тууштай ажиллаж байгаа”-г ХасБанкны Гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав тодотгоод, “Энэ хамтын ажиллагаа нь урт хугацааны, хямд өртөгтэй санхүүжилтийн сонголтыг үйлчлүүлэгчдэдээ санал болгох боломж олгосноор илүү олон ногоон бизнесүүд, БЖДҮ-ийг хөгжүүлэхэд дэмжлэг болно. Цаашлаад Монгол Улсын тогтвортой, хүртээмжтэй эдийн засагт хувь нэмэр оруулна" гэжээ.


2024 онд байгуулагдсан КАНПА нь Канадын Засгийн газрын 360 сая канад долларын санхүүжилттэй АХБ-наас удирддаг итгэмжлэгдсэн сан бөгөөд Азийн хувийн хэвшлийг дэмжих Канадын уур амьсгалын 2-р сан (CFPS II), түүний өмнөх 1-р сангийн амжилтад тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг. Мөн, Ази тивд хэрэгжиж буй уур амьсгал, байгальд суурилсан шийдлүүдэд төвлөрсөн хувийн хэвшлийн төслүүд болон жендэрийн тэгш байдлыг дэмжих зорилготой ажилладаг. Энэ нь КАНПА-ийн санхүүжилттэй анхны төсөл юм.


Монгол Улсын тэргүүлэгч банкуудын нэг ХасБанк 2001 онд байгуулагдсанаас хойш тогтвортой санхүүжилт, БЖДҮ-ийн хөгжлийг дэмжихэд онцгой анхаарч, 21 аймагт үйл ажиллагаа явуулж, 72 салбараараа дамжуулан 1 сая гаруй үйлчлүүлэгчдээ хүрч ажилладаг.


АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ хүртээмжтэй, тогтвортой, эрсдэлийг даван туулах чадвартай хөгжлийг бүс нутагт цогцлоохын төлөө ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны 69 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог хэмээн АХБ мэдээллээ. 

Холбоотой мэдээ