Орон нутгийн нисэх буудлуудыг яаралтай шинэчлэх санал тавьжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Орон нутгийн нисэх буудлуудыг шинэчлэн сайжруулах ажлыг ирэх оны аялал жуулчлалын улирал эхлэхээс өмнө урьтаж хийх саналыг аялал жуулчлалын бизнес эрхлэгч нар болон тур оператор компаниуд ЗТЯ, ИНЕГ-т хүргүүлээд байна.
Засгийн газар үйл
ажиллагааны хөтөлбөртөө орон нутгийн нисэх буудлуудын ашиглалтыг сайжруулж,
шинэчлэхээр тусгасан. Тодруулбал, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн
бодлогод, 4 аймгийн нисэх буудлыг олон улсын болгож, аялал жуулчлал, гадаад
худалдааг дэмжихээр заасан юм.
Үүнд Дорнод аймаг дахь “Чойбалсан”,
Ховд аймгийн “Ховд”, Хөвсгөл аймгийн “Мөрөн”, Өмнөговь аймаг дахь “Гурвансайхан”
нисэх буудлууд орж байгаа. Дээрх буудлуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, олон улсын
стандартад нийцсэн 4С ангиллын агаарын хөлөг буух, хүлээн авах хүчин чадалтай аэродром,
зорчигч үйлчилгээний цогцолбор болгохоор төслийн концессын зураг төслийг
боловсруулж, шинэчлэх сайжруулах, ашиглах, шилжүүлэх байдлаар хэрэгжүүлэхээр
тогтсон юм. Үүнд:
- “Ховд” нисэх буудлыг
өргөжүүлснээр Төв болон Дундад Ази руу гадаад худалдаа хийх, баруун бүсэд махны
экспортыг хөгжүүлэх,
- “Мөрөн” нисэх буудлыг
дэлхийн хамгийн цэнгэг хоёр нуур болох Хөвсгөл, Байгаль нуурыг холбох аялал
жуулчлалын чиглэлээр хөгжүүлэх,
- “Чойбалсан” нисэх буудлыг
Зүүн өмнө Азийн ачаа тээврийн зангилаа бүс болгон хөгжүүлэх боломжтойг ИНЕГ-аас
хийсэн судалгаагаар тогтсон юм.
Тэгвэл дээрх нисэх
буудлуудыг шинэчлэн засварлах ажлыг яаралтай хийж, богино зайд зорчигч
тээвэрлэх зориулалттай, бага оврын онгоцоор тухайн чиглэлд нислэх үйлдэх
боломж бүрдүүлэх саналыг аялал жуулчлалын салбарынхан тавиад байна. Учир нь орон
нутгийн зарим чиглэлд, тухайлбал, Улаанбаатар-Даланзадгад чиглэлд гадаад,
дотоодын жуулчид 2025 оны нислэгийн захиалгыг урьдчилан өгөөд байгаа аж.
Нэмж мэдээлэхэд, өнгөрсөн
2023 онд орон нутгийн нислэгээр 400 мянган зорчигч үйлчлүүлжээ. Үүнд Оюутолгойн
захиалгат нислэг 340 мянга, үлдсэн 60 мянган зорчигч нь орон нутаг руу ниссэн
байна.
Орон нутагт гурван чиглэлд
нислэг үйлддэг байсан бол 2023 оны долоодугаар сараас 9 чиглэлд нислэг үйлддэг
болсон юм.