ӨВӨРХАНГАЙ: Мөсөнд авиралтын тэмцээнд олон улсын тамирчид оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-12-11 20:37:45

Арвайхээр, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Өвлийн адал явдалт аялал сонирхогчдын хүсэн хүлээдэг “Kharakhorum ice festival -2024” мөсөнд авиралтын тэмцээн 12 дахь жилдээ боллоо. 


Мэргэжлийн тамирчдын цомын аварга болон сонирхогчдын хурдны төрлийн авиралтын шилдгүүд шалгаруулах тус тэмцээнд мэргэжлийн болон сонирхогч 50 гаруй хүн оролцсоны дотор АНУ, Франц, БНХАУ-ын тамирчид байв. Мөн UIAA холбооны мөсөнд авиралтын олон улсын шүүгч Yu Kai Yi шүүгчээр ажиллахын зэрэгцээ цаашид тив, дэлхийн чанартай тэмцээн болгохын тулд юуг анхаарах талаар зөвлөгөө өгч, санал солилцсон юм.


Энэ нь “Kharakhorum ice festival-2024” тэмцээний цар хүрээг илэрхийлж, Олон улсын чанартай фестиваль болох эхлэлийг тавьж байгааг зохион байгуулагчид ярилаа. 



Тэмцээний эмэгтэй цомын эзнээр “Сутайн бор” клубийн тамирчин Н.Сэлэнгэ, эрэгтэй цомын эзнээр Улаанбаатар аялагч клубын тамирчин Ч.Мандахбаяр нар шалгарсан бол сонирхогчдын хурдны төрөлд эрэгтэйчүүдээс Б.Бямбадорж, эмэгтэйчүүдээс н.Чимэддулам нар тэргүүллээ.


Мөн фестивалийн үеэр сонирхогчдын богино зайн бартаат замын уралдаан, багийн мөсөн шагай харваа, мөсөн сурын харваа зэрэг тэмцээн зохиож, Архангай, Булган, Дундговь аймаг, Улаанбаатар хотоос баг тамирчид оролцлоо.



Аялал жуулчлалын "Mongolia Expeditions" компани, аймгийн ЗДТГ, Байгаль орчны газраас тасралтгүй 12 жил зохион байгуулж буй тус эвент Монголын өвлийн аялал жуулчлалын тэргүүн эгнээнд бичигддэг агаад мөсөн авиралтын мэргэжлийн түвшний тамирчид бий болж, "Дэлхийн цом"-ын алтан медальт хоёр тамирчин, "Дэлхийн цом"-ын аварга нэг, Дэлхийн аваргын мөнгөн медальт нэг, хүрэл медальт тамирчид хэд хэд төрөн гарчээ.


Мөн Монгол Улсад мөсөнд авиралтын спортыг хөгжүүлж сурталчлах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.







Холбоотой мэдээ