Хөвсгөл аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн, 2024 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн Устын гол гэдэг газар энэ сарын 12-ны 3 цаг 16 минутад 3.6 магнитудын хүчтэй газар хөдөллөө.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Улаан-Уул сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад, газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй гэв.
Газар хөдлөлт Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотоос 193 км-т, Улаанбаатар хотоос 1033 км-т болсон байна.
Хөвсгөл аймгийн хэмжээнд энэ онд нийт 18 удаагийн газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэгдсэн.
Тус аймгийн Ханх сумын нутагт 2021 оны 1 дүгээр сарын 12-нд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн юм.
Тус газар нь 2018 онд гаргасан газар хөдлөлтийн ерөнхий мужлалын зургаар 8 баллын бүсэд хамаардаг бөгөөд энд 1950 онд 6.8, 1985 онд 5.3 магнитудын
хүчтэй газар хөдөлж байжээ.