Монгол Улсын 360 мэдээллийг Google map системд оруулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-12-12 14:31:09

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Монгол Улсын болон олон улс, орон нутгийн чанартай авто зам, түүний дагуух үйлчилгээний байгууламж, түүхэн дурсгалт газар, төлбөр авах, амрах цэгийн 360 мэдээллийг энэ онд Google map системд панорама зураг хэлбэрээр оруулжээ.


Энэ нь жолооч, зорчигч, аялагчдад манай улсын авто замын сүлжээний дагуух үнэн бодит мэдээлэл өгөхөөс гадна дэлхий нийтэд Google map системээр дамжуулан эх орноо таниулах ач холбогдолтой юм.


Манай улс дэлхийн 21 оронтой авто тээврийн, 47 оронтой агаарын тээврийн, 30 оронтой төмөр замын хэлэлцээр байгуулсан бөгөөд улсынхаа 39 хилийн боомтоор дамжин тээвэрлэлт хийж байна.   


ЗТЯ өнгөрсөн онд цахим ппатформоо нээж, цахим яам болсноо зарлаж байсан бол энэ өдөр хэрхэн ахиц дэвшсэнээ тус яамны МТХ-ийн дарга, доктор Д.Гэрэлням танилцуулаад, “Шилэн яам болох хүрээнд салбарын нээлттэй өгөгдлүүдийн платформ хөгжүүлж, eRTHub.mn портал сайтаар дамжуулан иргэдэд үйлчлэх 33 системийг интеграцлав. Энэ онд 4500 гаруй хүн хандаж мэдээлэл авчээ. Манай салбар 94 үйлчилгээг цахимжуулснаар зорчилт хөдөлгөөнийг 70 мянга орчим км-ээр багасгаж, цаг хугацаа, зардал хэмнэсэн тооцоо бий. Мөн, автотээврийн хэрэгслийн нэр шилжүүлэх үйлчилгээг тоон гарын үсгийн технологиор орон зай, цаг хугацаанаас үл хамааран “Аutobox” апп, төрийн үйлчилгээний киоск машинаар хийдэг боллоо. ЗТЯ, харьяа байгууллагын албан хэрэг хөтлөлтийг цаасгүй, цахим болгож, бичиг хэрэг, шуудангийн зардал, иргэд байгууллагын албан хэрэг хөтлөлтийн шат дамжлагыг хялбаршуулан, зорчих хөдөлгөөн, авто замын түгжрэлийг багасгахад хувь нэмрээ оруулж байгаа”-г тэмдэглэв.


"Дэлхий нийтээрээ дижитал шилжилт хийж буй энэ үед манай улс ч гэсэн төрийн үйлчилгээг иргэд хялбар авдаг болох, мэдээлэл нь ил тод, нээлттэй байх, байгууллага хоорондын дижитал уялдаа холбоог сайжруулах нь чухал байна. 

Үүний тулд байгууллага бүр дижитал стратеги, төлөвлөлт, арга зүйтэй байх хэрэгтэй. Ингэснээр датад суурилсан инновац хийх чадамжтай болох"ыг “Интерактив” ХХК-ний ерөнхий захирал Б.Ууганбаяр онцоллоо. 

 

Холбоотой мэдээ