БАЯНХОНГОР: Хиймэл оюун ухаанд суурилсан оношилгоог нэвтрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-12-12 17:55:24
Баянхонгор, 2024 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Жаргалант, Баацагаан сумын Эрүүл мэндийн төвүүд хиймэл оюун ухаанд суурилсан оношилгооны аппараттай боллоо. Дэлхийн банкны санхүүжилтээр шийдвэрлэсэн тус аппаратыг дагалдах тоног төхөөрөмжийн хамт "Си-ай-ти" ХХК сумдад угсарч суурилуулж хүлээлгэн өгөв.

Эрүүл мэндийн технологийн дараагийн том шилжилт хөдөлгөөн нь хиймэл оюун ухаан болж байна. Бүх насны иргэдийн аливаа суурь өвчлөлийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар эрт илрүүлснээрээ эмчлэгдэх магадлал 73 хувь өсдөг нь олон улсад тогтоогдоод буй.

Хиймэл оюун ухаанд холбогдсон дээрх тоног төхөөрөмж нь улсын хэмжээнд Баянхонгор аймаг анх удаа сумдынхаа эрүүл мэндийн төвд суурилуулж буйгаараа онцлог.

Хиймэл оюун ухаан буюу AI нь хүний сэтгэхүйтэй төстэй, компьютерын программ хангамжаар бүтээгдсэн технологийн төрөл юм. Анагаахын салбарыг зөвхөн чагнуур, эм тариагаар төсөөлдөг байсан бол салбар бүрд шинэчлэл, дэвшлийг нэвтрүүлж буй хиймэл оюун ухаан анагаахын шинжлэх ухаанд хэдийнэ танил болоод байна.

Хиймэл оюун ухаан нь шууд эмчийг орлохгүй ба эмчийн сайн туслах байдлаар ашиглагддаг. Өөрөөр хэлбэл эмч үзлэг оношилгоо хийхдээ харилцан яриа үүсгэж, зовуурь шаналгааг мэдэрч, бүрэн мэдээлэл цуглуулан цогц шийдвэр гаргах чадамжтай. Харин хиймэл оюун ухаан тухайн мөчид өгөгдсөн өгөгдөл дээр ажиллаж үйлдэл хийхээс биш бие, сэтгэл, оюунд тулгуурласан цогц шийдвэр гаргаж, өвчтөнийг энэрэх хэмжээнд хүрээгүй юм.
Холбоотой мэдээ