АПУ компани тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2024-12-13 12:02:12

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. АПУ ХК “Бахархалт Монгол” тогтвортой хөгжлийн стратегийн “Хүчирхэгжсэн хамт олон” хэсгийн зорилтуудын дагуу залуучуудыг дэмжих зорилгоор "INNOV-TALENT" инновацлаг ур чадварын тэтгэлэгт хөтөлбөрөө зарлалаа.


Хөтөлбөр гурван үе шаттай хэрэгжих бөгөөд хөтөлбөрт хамрагдсанаар сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамрагдаж, ажлын бодит орчинд цалинтай дадлага хийх, хувь хүний болон мэргэжлийн ур чадваруудыг нэмэгдүүлэх үйл ажиллагаанд оролцон, инновацлаг төслийн тэмцээнд өөрийгөө сорих боломжтой юм.


        Хөтөлбөрт хамрагдсанаар:

-Сургалтын төлбөрийн тэтгэлэг авна. /2,000,000 төгрөг/

-Мэргэжлийн дадлагаа ажлын бодит орчинд цалинтай хийх боломжтой.

-Хувь хүний болон мэргэжлийн ур чадваруудыг нэмэгдүүлэх АПУ Академийн сургалтууд, коучинг хөтөлбөр, хувь хүний хөгжлийн сургалтын багц (LMS)-д үнэ төлбөргүй хамрагдана.

-Нийгэмд чиглэсэн сайн дурын ажил хийнэ.

-Бодит бизнесийн кэйс дээр ажиллаж, инновацлаг төсөл шалгаруулах тэмцээнд оролцоно.


            Хөтөлбөрт хамрагдах шалгуур:

-2 болон 3-р дамжааны бакалаврын үндсэн хөтөлбөрийн оюутан байх

-Нийгмийн болон салбарын хөгжил дэвшилд инновацлаг шийдэл, өөрчлөлт авчрах хүсэл эрмэлзэлтэй оюутан байх

-6 сарын хөтөлбөрт идэвхтэй оролцох боломжтой байх

            Хөтөлбөрийн зорилго:

'Innov-Talent' инновацлаг ур чадварын тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлснээр АПУ ХК-ийн тогтвортой хөгжлийн стратегийн алсын хараатай нийцүүлэн залуучуудын хөгжилд хувь нэмэр оруулах ур чадвараар хангаж, чадварлаг залуу үеийг дэмжих зорилготой бөгөөд тавигдах шаардлагыг хангаж буй оюутнууд INNOV talent scholarship холбоосоор өргөдлийн маягтаа бөглөж илгээх боломжтой.


Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа: 2025 оны 1 сарын 5-ны өдрийн 23:59 цаг

Дэлгэрэнгүйг: 11-315444

Сонгон шалгаруулалтын хэсгийн хамтрагч байгууллага: Зориг сан ТББ







Холбоотой мэдээ