Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар шатрын холбоог удирдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Монголын шатрын холбооны ээлжит бус их хурал өнөөдөр МУБИС-ийн хурлын танхимд болж, шинэ ерөнхийлөгчөө сонголоо.
Тус хурал нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 200 орчим төлөөлөгч оролцжээ. Энэ удаагийн хурлаар хэлэлцэх гол асуудал нь Монголын шатрын холбооны ерөнхийлөгчийг сонгох байв.
Ерөнхийлөгчийн албанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар, Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Х.Батчулуун нар нэр дэвшсэн юм. Гэвч нэр дэвшигч Х.Батчулуун нэрээ татсанаар Г.Занданшатар дэвшлээ.
Ингээд хуралд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар Г.Занданшатар Монголын шатрын холбоог удирдахаар болов. Түүний хувьд өмнө нь 2011-2015 оны хооронд шатрын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан юм.
Тэгвэл Х.Батчулуун тэргүүн дэд ерөнхийлөгчийн албыг үргэлжлүүлэн хашиж, шинэ тэргүүний хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийг дэмжихээ илэрхийлсэн байна.