Нотариатын үйлчилгээг цахим болгохоор төлөвлөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-12-15 11:32:59

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. ЦХИХХЯ-наас гадаад руу томилолтоор явсан газар, хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүд томилолтын үр дүн, шинэ санаа, цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөөг танилцуулж, үр дүнгээ хуваалцдаг жишиг бий болгож байна. 


Засгийн газрын цахим засаглал, цахим шилжилтийг судлах, туршлага солилцож, хамтран ажиллах санал солилцохоор УИХ-ын гишүүд, Инновац, цахим бодлогын байнгын хороо, ЦХИХХЯ-ны төлөөлөл 11 дүгээр сарын 23-24-нд Бүгд Найрамдах Эстони Улсад ажиллажээ. 


Тус яамны Салбар дундын зохицуулалт хариуцсан шинжээч Г.Энхтулга “1991 онд тусгаар тогтносон Эстони улс сүүлийн 2.5 жилд цахим шилжилтийг эрчимтэй хийжээ. 1.3 сая иргэндээ e-ID-ийг бүрэн нэвтрүүлснийг иргэдийнх нь 64 хувь тогтвортой ашигладаг. Пластик үнэмлэх, мобайл ID, smart ID нэвтрүүлжээ. Smart ID-ийг интернэттэй холбогдож буй иргэд хэрэглэх боломжтой. Заавал гар утас шаардахгүй учир гадаадад оршин сууж буй иргэдэд хэрэгтэй үйлчилгээ байна. Европын холбооны улсуудтай 2014 оноос тохиролцож, Эстони Улсын иргэн өөр улсад амьдарч байвал Smart ID ашиглан, хил дамнасан мэдээллийг хөгжүүлж эхэлжээ. Нийтийн дэд бүтцийн шилдэг технологийг 2001 оноос нэвтрүүлж, мэдээлэл солилцоход хамгийн өргөн хэрэглэгддэг Xroad-ийг бий болгож. Энэ нь дэлхийн тэргүүлэгч дижитал улс орнуудын ашигладаг байгууллага хооронд мэдээлэл аюулгүй солилцох нээлттэй платформ юм. Тус улс 2005 оноос сонгуулиа цахимаар өгч буй дэлхийн ганц улс” гэдгийг онцоллоо.


Томилолтын дүнд City verse, Lorawan, Large language model /LLM/, AI+IoT, E-community зэргийг хөгжүүлэх хэрэгтэйг олж харжээ. Хиймэл оюун, дрон, IoT-ийг хөгжүүлэхийн тулд Lorawan-гийн стандарт нэвтрүүлж, LLM-ийг бодлогоор хөгжүүлэх шаардлагатай. Дэлхийн 62 улс нэгдсэн E-community-д манай улс орох хэрэгтэй. Цахим шилжилтийг эрчимжүүлэхийн тулд дээрх ажллыг хийхээс гадна иргэдийнхээ сэтгэлгээг бэлдэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах нь чухлын ЦХИХХЯ мэдээлжээ. 


ЦХИХХЯ-ны ТНБД-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтан-Од “Цахимаар сонгууль өгдөг жишгийг 2025 оноос гадаад ажиллаж, сурч буй иргэдийн дунд нэвтрүүлэхийг зорино. Хилийн чанад дахь 200 мянган иргэнээс 8000 нь сонгуулийн санал өгдөг. E-vote-ийг нэвтрүүлснээр энэ тоо өснө. Мөн цахим нотариатыг 2026 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлнэ. Үүнд жил орчмын хугацаа шаардлагатай” хэмээв.


ЦХИХХЯ-наас Эстони улсын туршлагад тулгуурлан дараах цахим шилжилтийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.  Үүнд:

1. Цахим нотариат: Нотариатын үйлчилгээг цахимжуулах,

2. Цахим сонгууль: Сонгуулийн санал хураалтыг цахим болгож, иргэд саналаа цахимаар өгөх хувилбарыг бий болгох,

3. X-road архитектур нийтийн мэдээллийн дэд бүтцийн ерөнхий төлөвлөлтийн архитектурыг төвлөрсөн бус X-Road /X-Tee/ заrварт ойртуулах, холбогдох судалгаа, төлөвлөлт хийж, дэд бүтцийн шинэчлэлтийг хэрэгжүүлэх, хүний нөөцийг бэлтгэх,

4. Шинэчилсэн “Цахим үнэмлэх 6-10” экосистемийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх,

5. Мэдээллийн технологийн чиглэлээр хүний нөөцийг сургахыг TalTech технологийн их сургуультай хамтран хэрэгжүүлнэ. /Төрийн албан хаагчдад зориулсан 1 жилийн хөтөлбөр/

6. ЦХИХХЯ, Эстони улсын И-Засаглалын академитай 2023 онд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн үйл ажиллагааг идэвхжүүлнэ гэжээ.


Холбоотой мэдээ