Хөрөнгө оруулагчдын гомдлын 75.2 хувийг шийдээгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-12-16 15:25:45

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Засгийн газар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байна.




Энэ талын ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Шадар сайд Т.Доржханд ахалж, ЭЗХЯ хариуцан, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, бизнесийн төлөөллийн голлох байгууллага Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧам) хамтран ажиллаж байна. Энэ талаар өнөөдөр болсон Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн талаар хэлэлцүүлгийн үеэр  Шадар сайдын зөвлөх Б.Мөнхдөл танилцууллаа.

Хуулийн төсөлд “Хөрөнгө оруулалтын” гэдгийг “Гадаадын хөрөнгө оруулалтын” хэмээн хуулийн төслийг тусгайлан тодотгожээ.




Мөн гадаадын хөрөнгө оруулагчдад тавьдаг 100 мянган ам.долларын босгыг халах талаар санал оруулжээ. Учир нь гадаадын эзэд энэ мөнгийг компани байгуулж нээчихээд мөнгөө буцаагаад гаргаад авчихдаг, үндсэн агуулга зорилгоо биелүүлэхгүй байгааг хэллээ. Харин үүний оронд гадаадын хөрөнгө оруулагч Монгол Улсад урт хугацаагаар оршин суухад визэд нь босго тавьж өгөхөөр тусгажээ. Гадаадын оруулалт нь:

Хууль эрх зүй, улс төр, бизнесийнн орчин тогтвортой байх,

Хөрөнгө оруулагчдын гомдол, маргаан, эрхийг хамгаалах механизм, тогтолцоо шударга, нээлттэй, ил тод байхаас ихээхэн хамаарч байна.


Эдийн засгийн бүтэц төлөвшөөгүй нь хөрөнгө оруулалт буурах нэг шалтгаан болж байна.


Нөгөө талаар хөрөнгө оруулалт буурсан шалтгаан нь:

  • Эдийн засгийн бүтэц төлөвшөөгүй, төвөгшил багатай,
  • Экспортын цөөн нэр төрлийн бүтээгдэхүүнтэй,
  • Нарийн, гүн боловсруулалт хийдэггүй, нэмүү өртөг бага шингэсэн,
  • Хөрөнгө оруулагчдын гомдлыг бүрэн шийдвэрлэдэггүй зэрэг орж байна.
  • Тухайлбал, 109 гомдлоос 24.8 хувь нь шийдвэрлэж, 75.2 хувь нь хүлээгдэж байх жишээний.



Өнгөрсөн онд манай улсад 3.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж иржээ. Үүний 2.5 тэрбум нь “Оюутолгой” компанийнх бол үлдсэн тэрбум орчим ам.доллар нь бусад салбарынх байна.

Гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татдаг салбар бол уул уурхай. Гадаадын хөрөнгө оруулагчид Ашигт малтмалын тухай хуулийг төслийг харж байгаа. Тэгэхээр Аж үйлдвэрийн яам үүнд анхаарч ажиллах хэрэгтэй.


Улсын хэмжээнд 2023 оны эхний улирлын байдлаар хуулийн этгээдийн улсын бүртгэлд нийт 246.8 мянган ААН бүртгэлтэй байгаагаас гадаадын хөрөнгө оруулалттай 9350 компани, ААН нэгж үйл ажиллагаа явуулж байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлд 1990-2023 онд нийт 14.836 гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж бүртгүүлснээс 5486 аж ахуйн нэгж татан буугджээ. Эдгээрийн 33 хувь нь 2010-2022 онд татан буугдсан байна.

Холбоотой мэдээ