Монгол, Канадын Гадаад харилцааны яамд хоорондын II зөвлөлдөх уулзалт болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны яам, Канад Улсын Гадаад хэргийн яам хоорондын II зөвлөлдөх уулзалт энэ сарын 17-нд Оттава хотод боллоо.
Зөвлөлдөх уулзалтын үеэр талууд Монгол, Канадын “Иж бүрэн түншлэл”-ийг бэхжүүлэх, энэ хүрээнд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Канадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжуудын талаар санал солилцов. Түүнчлэн Засгийн газрын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, 2024-2028 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтыг танилцуулж, канадын талтай хамтран ажиллах салбаруудыг онцлов. Мөн ойрын хугацаанд хэрэгжүүлэх айлчлал, иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, орон нутаг хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэгт ач холбогдол өгч байгаагаа илэрхийллээ.
Канадын тал Энэтхэг Номхон далайн стратегийнхаа хүрээнд Монгол Улстай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, чингэхдээ уур амьсгалын өөрчлөлт, сэргээгдэх эрчим хүч, ногоон шилжилт, цахим хөгжил, соёлын солилцоог чухалчилж байгааг тэмдэглэв. Сүүлийн жилүүдэд Канадын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад үзүүлж буй тусламж 60 хувиар нэмэгдсэнийг онцлоод, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл хөтөлбөрийн талаар ярилцсан гэж ГХЯ-наас мэдээллээ.