Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хамтарсан удирдах хорооны хуралдаан боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Хамтарсан удирдах хорооны ээлжит хуралдаан энэ сарын 17-нд Гадаад харилцааны яаманд болов.
Хуралдаанаар хамтарсан хорооны гишүүд, оролцогчид НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027” баримт бичгийн тэргүүлэх чиглэлүүдийн хүрээнд 2024 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, хөтөлбөр, төслийн явц, үр дүн, тулгарч буй сорилт бэрхшээлийн талаар хэлэлцэж, байр сууриа илэрхийлэв. Мөн 2025 онд анхаарах асуудлын талаар ярилцаж, Монгол Улсын хөгжлийн бодлого, чиглэл, хэрэгцээ шаардлагад нийцсэн хөтөлбөр төсөл хэрэгжүүлэхдээ талууд үйл ажиллагаа, санхүүжилтийг улам илүү уялдуулан ажиллахын чухлыг онцлов.
Хамтарсан удирдах хорооны хуралдааныг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, НҮБ-ын Суурин зохицуулагч Т.Мишра нар хамтран даргалав гэж ГХЯ-наас мэдээллээ.