Монгол, Японы харилцааг дэмжих “Түншийн холбоо” нийгэмлэгийн 30 жилийн ойн ёслол боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол, Японы харилцааг дэмжих “Түншийн холбоо” нийгэмлэгийн 30 жилийн ойн ёслол Монгол - Япон төвд өчигдөр боллоо.
Тус нийгэмлэгийг Монгол Улсаас Япон Улсад суух анхны Элчин сайдаар ажиллаж байсан С.Дамбадаржаа агсны санаачилгаар 1994 онд байгуулж байжээ.
Ёслолд УИХ-ын Монгол - Японы парламентын бүлгийн дарга Ж.Галбадрах, Ерөнхий сайд асан Д.Содном, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара гэргийн хамт оролцов. Монгол, Японы харилцааг дэмжих “Түншийн холбоо” нийгэмлэгийн ерөнхийлөгч Р. Жигжид үг хэлж ёслолыг нээсэн юм.
Тус нийгэмлэг нь цаашид хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэх зорилго бүхий үндсэн үйл ажиллагааныхаа зэрэгцээ Монгол, Японы худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд түлхүү анхаарахыг тэрбээр онцолж байв.
Монгол, Японы Соёлын солилцооны хэлэлцээрийг байгуулсны 50 жилийн ой болон тус нийгэмлэгийн 30 жилийн ойг тохиолдуулж энэхүү хүндэтгэлийн үйл ажиллагаааг зохион байгуулсан юм.
Уг ёслолын үеэр “Түншийн холбоо” нийгэмлэгийн үйл
ажиллагааны талаар Академич Ц.Батбаяр, “Монгол, Японы соёлын харилцаа 50 жилд”
сэдвээр илтгэл тавьсан юм.
Тэрбээр илтгэлдээ, "“Наран” бүрэн дунд сургуулийг Шимада хоттой, Японы Изүмисано
хотыг Төв аймагтай хамтын ажиллагаа тогтооход зуучийн үүрэг гүйцэтгэсэн. Тэдний
хамтын ажиллагаа одоо ч хэвийн үргэлжилж байна.
“Ошин” киноны гол дүрийн жүжигчин Аяко Кобаяши тэргүүтэй 4 хүн
(1997), Японы Ерөнхий сайд асан Кэизо Обүчигийн гэргий Обүчи Чизүко, охин
Обүчи Юүко (2003), олзонд байсан цэрэг Х.Тамүра (2004) нарыг урьж
айлчлуулснаас гадна Монголын соёлын элч, алдарт дуучин Яширо Аки (2018) -г урьж
тоглуулах, баримтат кино хийхэд дэмжин тусалсан.
2004 оны Японы газар хөдлөлт, улмаар 2011 оны Фүкүшимагийн, 2016 оны Күмамотогийн, 2024 онд Нодо хойгийн газар хөдлөлтөд нэрвэгдсэн иргэдэд туслах хандив цуглуулах хөдөлгөөн өрнүүлж, цугларсан хандивыг Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд хүлээлгэн өгсөн" хэмээн өнгөрсөн 30 жилийн хугацаанд нийгэмлэгийнхээ хэрэгжүүлж ирсэн үйл ажиллагаанаас илтгэлдээ онцолсон юм.