ТӨВ: Монгол гэрийн дулаалгын багцыг ашигласнаар өрхөд санхүүгийн хэмнэлттэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВЗуунмод, 2024 оны арванхоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. “Уур амьсгалын өөрчлөлт-Цэвэр агаар” төслийн хүрээнд монгол гэрийн багцыг Төв аймгийн Зуунмод хотын 27 өрхөд хөнгөлөлттэй үнээр олгосон. Тус төсөл хэрэгжсэнээр өрх сард 60-80 мянган төгрөгийн цахилгааны төлбөрийг төлж байгаа юм.
Хэрэглээг нэвтрүүлсэн өрхийн тэргүүнээс тодруулахад, "Энэ нь гал түлдэг байснаас сард 30-50 мянган төгрөг хэмнэж байна. Мөн өглөө, оройд дулаахан, утаагүй, дулаан алдагдалгүй байдаг нь таатай сайхан байна" гэв.
Зуунмод сумын хэмжээнд өнөөдрийн байдлаар 2, 3, 5 дугаар багийн өрхүүд гэр чип төсөлд хамрагдаж дулаалгын багцыг гэртээ суурилуулсан байна. Сонирхсон иргэд "Ногоон зээл"-д хамрагдаж, хэрхэн ашиглах талаар сургалт авах боломжтой юм.
Монгол гэрт тусгайлан зориулсан дулаалгын багц нь гэрийн дулаан алдагдлыг багасгаж, битүүмжлэлийг сайжруулах нэмэлт дулаалгын багц, гэрт агаар оруулах, гаргах, албадмал, хосолмол систем бүхий агаар сэлгэх багц, 2.4 мКв-ын хүчин чадалтай, автомат тохируулгатай халаалтын багц гэсэн үндсэн хэсгүүдээс бүрддэг.
Хэрэглээнд нэвтрүүлснээр хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, гадна агаарын бохирдол, галлагаатай холбоотой тоос тортог, хог хаягдал үүсэхгүй байдлаар ахуйн хүрээнд болон нийтийн эзэмшлийн талбайд нөлөөлөх эерэг хүчин зүйл ихтэй гэдгээр онцлогтой.
НҮБ-ын Хүүхдийн сангаас орчны бохирдол, байгаль орчны доройтлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэлийг даван туулахад чиглэсэн монгол гэрийн дулаалга, халаалтын бүтээгдэхүүнийг орон нутагт нэвтрүүлэх, олон нийтэд түгээх ажлыг үр дүнтэй зохион байгуулах зорилготой юм.