ЗАВХАН: Ирэх онд шашны аялал жуулчлалыг хөгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-12-21 16:30:10

Улиастай, 2024 оны арванхоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн гуравдугаар хуралдаан болж 9 асуудлыг хэлэлцлээ.


Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус хуралдаан 97,1 хувийн ирцтэй боллоо. Энэ удаагийн хуралдаанаар аймгийн 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай, аймгийн 2025 оны төсөв батлах тухай хэлэлцлээ.


Ирэх 2025 онд ямар бодлого хэрэгжихээр тус төсөв, төлөвлөгөөнд тусгагдсан талаар аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр хэлэхдээ:

-Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, ахмадын хөгжлийг дэмжсэн бодлого хэрэгжүүлэх. Насан туршийн боловсролын төвөөр дамжуулан малчид, бизнес эрхлэгчид, хоршоологчдыг дэмжих, сургах үйл ажиллагааг бодлогоор дэмжинэ. Мөн Завхан аймгийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, Завхан бизнес кластерийг байгуулах юм.


Түүнчлэн Завхан аймаг өөрөө анх удаа орон нутгийн төсвөөрөө малынхаа үүлдэр угсааг сайжруулна. Арц тарьж ургуулах судалгаа, шинжилгээг эхлүүлнэ. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн барилгад иж бүрэн засвар хийнэ. Сумуудын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж батлуулна. Аймаг, сумын инженерийн шугам сүлжээг өргөтгөж стандартад нийцсэн нийтийн ахуйн үйлчилгээний төвийг аймгийн төвийн зарим баг, сумдад байгуулах юм. Усалгаатай газар тариаланг хөгжүүлэх, усалгааны тоног төхөөрөмжүүдийг нэвтрүүлэх. Зарим сум, байгууллагуудыг шаардлагатай тоног төхөөрөмж, автомашинаар хангана. Шашны аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг олон бодлогууд тусгагдсан” хэмээв.


Аймгийн ИТХ-ын хурлаар н нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагад төлөөлөгчийг сонгох тухай, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тухай зөвшөөрөл олгох хяналт тавих журмыг хүчингүй болгох тухай хэлэлцсэн.



Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх сонсгол хийж Улиастай сумын Өлзийт хорооллын хэсэгчилсэн төлөвлөгөөний танилцуулгыг төлөөлөгчдөд хийлээ. Хүүхэд хамгааллын хуулийн хэрэгжилт, аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн үйл ажиллагааны мэдээллийг сонслоо. Түүнчлэн Амь-Ус трейд ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг хүчингүй болгох тухай асуудлуудыг хэлэлцлээ гэж Завхан аймгийн ИТХ-ын ажлын албанаас мэдээлэв. 


Завхан аймгийн ИТХ-ын ээлжит бус 3-р хуралдаан


Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр

Холбоотой мэдээ