СҮХБААТАР: Чадвартай инженер залууг байртай болоход дэмжлэг үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-12-21 22:50:57

Баруун-Урт, 2024 оны арванхоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Энэ залууг Э.Отгонтөгс гэдэг. Түмэнцогт сумын "Ус дулаан" ОНӨҮГ-т найм дахь жилдээ ажиллаж байгаа. Өнгөрсөн жил захирлаар нь томилогдсон ч цахилгаанчин, гагнуурчин, инженерийн ажлыг давхар гүйцэтгэдэг.

 

Цалин бага, ажлын нөхцөл хүнд. Хамгийн гол асуудал нь өөрийн гэсэн орон байргүй ч өнгөрсөн хугацаанд тогтвортой ажилласаар өнөөг хүрчээ. Бүр уурын зуухныхаа оффисын давхарт хүртэл гурван жил амьдарчээ. Төрсөн гэрээсээ хол, дээрээс нь ганц бие залуу хүнд энэ бүхэн амаргүй. Тиймээс аймгийн төв шилжих бодлыг тээх болсноо хэлж байв. Хэрвээ Э.Отгонтөгс явчихвал Түмэнцогт сум үнэхээр хүнд байдалд орж, сум нийтээрээ халаалт дулаангүй, хэрэглээний усаар хэрэглэгчдээ хангаж чадахгүйд хүрнэ. Энэ бүх асуудалтай танилцсан аймгийн Засаг дарга М.Идэрбат энэ мэт чадвартай, сэтгэлтэй залуусаа сум орон нутаг дэмжиж тогтоох учиртайг сануулсан. Тийм ч учраас залуу инженерээ авч үлдэхийн тулд орон байртай болгох уриалгыг Түмэнцогтынхонд гаргаж, аймгийн зүгээс 20 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр боллоо. Мэдээж энэ бүхний ард сумандаа тогтвор суурьшилтай ажиллаж, амьдрахыг захиж буй юм. Сумын засаг дарга нь ч үүнийг дэмжиж мөн таван сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

 

Түүний хувьд өөрийн ажилдаа мэргэшсэн, нөхцөл байдлаа маш сайн мэддэг, хамгийн гол нь сэтгэл зүтгэлтэй гэж сумынхан нь үнэлдэг учир уриалгыг хүлээн авч бүхий л ААНБ, иргэд нь хүртэл дээрх уриалгад нэгдэж чадварлаг инженерээ сумандаа авч үлдэнэ гэдгээ хэллээ.


 

Тус сумын "Ус дулаан" ОНӨҮГ үндсэн 26 орон тоотой ч одоогоор 16 ажилтантай. Сумынхаа бүх л байгууллага болоод 160 өрхийг дулаан, хэрэглээний усаар хангадаг. Орлогороо санхүүждэг ч сүүлийн жилүүдэд алдагдалтай ажиллаж, уурын зуух ч үндсэн ачааллынхаа дөнгөж 50 хувьд л хүрч байна. Энэ бүхэн нь харьяалал тодорхойгүй, сум орон нутгаас ямар нэг дэмжлэг байхгүйтэй шууд холбоотой учир цаашид байгууллагын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангаж, амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд нэн тэргүүнд сум ОНӨҮГ-аа өөрийн харьяалалд авч, цаашид хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлж байх чиглэлийг мөн аймгийн Засаг дарга сумын удирдлагуудад өглөө.

 

Холбоотой мэдээ