СҮХБААТАР: Аймгийн засаг дарга М.Идэрбат сумдад ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРБаруун-Урт, 2024 оны арванхёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 2024-2028
оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгах саналыг төрийн албан хаагчид болон иргэдээс авах,
сумдын өвөлжилтийн нөхцөл байдал, төсөвт байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах зорилгоор
Засаг дарга М.Идэрбатаар ахлуулсан ажлын баг Мөнххаан суманд ажиллаж байна.
Энэ хүрээнд төсөвт байгууллагын удирдлагууд болон төрийн албан хаагчидтай уулзлаа.
Мөнххаан сум 1500 гаруй өрхийн 5008 хүн амтай. Малчин болон малтай 1181 өрх өвөлжиж байна. 2024 оны жилийн эцсийн мал толлогын урьдчилсан дүн гараагүй байна. Өөр аймаг, суманд оторлож байгаа болон гаднаас отроор ирж өвөлжиж байгаа малчин байхгүй. Нийт нутгаар 3-5 см зузаан цастай, өвөлжилт хэвийн байна. Сумын аюулгүйн нөөцөд 4200 боодол өвс, 70 тонн улаан буудай нөөцөлжээ.
Тус сумын хувьд бусадтай
харьцуулахад бүх төсөвт байгууллагын барилга байшин нь шинэчлэгдсэн гэдгээрээ давуу талтай. Төсвийн байгууллагуудад хүний нөөцийн дутагдал цөөнгүй байна. Тодруулбал, ЗДТГ-т дөрвөн мэргэжилтэн, хүн эмнэлэгт хүүхдийн эмч дутагдалтай, соёлын төвд мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай. Тулгамдаж буй гол асуудал нь ЕБС-ийн уурын зуухны тогоо эвдэрсэн, одоогоор аваарын байдалд
ажиллаж байгаа юм.
Ирэх жилүүдэд хийж хэрэгжүүлэх нэн чухал ажил нь нэгдсэн халаалтын системд холбогдох шаардлагатай гэж сумын Засаг дарга А.Батдэлгэр танилцууллаа.
Аймгийн Засаг дарга М.Идэрбат өнөөдөр тус сумын иргэдтэй уулзаж санал хүсэлтийг нь сонсохын зэрэгцээ өнгөрсөн дөрвөн жилд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж, ирэх жилүүдэд Мөнххаан суманд болон аймагт хийх томоохон ажлуудын талаар мэдээлэл өгөх юм.
Ажлын баг хөтөлбөрийн дагуу Түвшинширээ, Уулбаян суманд ажиллана.