Хүний эрхийн дэд хорооны гишүүд иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд энэ сарын 23-нд хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцон, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Уулзалтын эхэнд Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд УИХ-аас гаргаж буй бодлогын шийдвэрүүдийг батлахдаа хүний эрхийн иргэний нийгмийн байгууллагуудтай хамтрах тухайлсан үйл явдлууд дээр парламент хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхэд зөвлөлдөх, олон нийтийг соён гэгээрүүлэх, хүний эрхийн боловсролыг түгээхэд анхаарч, энэхүү арга хэмжээг зохион байгуулж буйг хэллээ. Хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Хүний эрх-Хөгжил төв”, “Үнэн хатамж”, “Сэтгэл мэдрэмж”, “Бүсгүйчүүд XXI зуун”, “Хэрэглэгч мэдээллийн сан”, “Үндсэн уртраг”, “Хил хязгааргүй алхам”, “Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо”, “Татварт иргэн, хяналт”, “Монголын Эмнести Интернэшнл”, “Захиргааны шинэ санаачилга” зэрэг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл уулзалтад ирсэн байв.
НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг буюу “UPR” нь тус байгууллагын гишүүн улс бүрийн хүний эрхийн төлөв байдлыг 4.5 жил тутам хэлэлцэн сайжруулах, ахиц гаргах чиглэлээр зөвлөмжилдөг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн механизм юм. “Хүний эрхийн форум”-аас хүний эрхийн төлөв байдлын дунд хугацааны үнэлгээг гаргасныг “Хүний эрх, хөгжил төв”-ийн тэргүүн Г.Уранцоож дэлгэрэнгүй танилцуулав. Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт, хэлэлцүүлгээс 2021 оны тавдугаар сард 190 зөвлөмж ирүүлсний 170-ыг нь Монгол Улсын Засгийн газар хүлээж авсан байна. Энэ дагуу хүний эрхийн төлөв байдлын талаарх ээлжит нэгдсэн хэлэлцүүлгийн (UPR) зөвлөмжийн хэрэгжилт, дунд хугацааны тайланг Засгийн газраас гаргахдаа 170 зөвлөмжийн 11 нь бүрэн хэрэгжсэн, 88 нь хэрэгжиж байгаа бол 71 нь хэрэгжиж байгаа зарим зөвлөмжтэй давхацсан гэжээ. Засгийн газрын энэхүү тайлан гарсны дараа “Хүний эрхийн форум” үнэлгээ хийхэд 8 зөвлөмж хэрэгжсэн, 103 зөвлөмж хэрэгжиж байгаа, 59 зөвлөмжийг хэрэгжүүлэх алхам огт хийгээгүй, зарим зүйл дээр ухралт гарсан гэдэг дүгнэлт гарсан гэв. Ингээд энэхүү үнэлгээний дэлгэрэнгүй хувилбарыг Хүний эрхийн дэд хороонд хүргүүлж буйгаа дуулгасан.
Дараа нь “Татварт иргэн, хяналт” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Сарантуяа
үйл ажиллагааныхаа талаар, мөн хүний эрхийн төлөв байдлын дунд хугацааны
үнэлгээтэй холбоотой мэдээлэл, байр сууриа танилцуулав. “Үндсэн уртраг” ТББ-ын гүйцэтгэх захирал С.Цэндбаатар Хүний эрхийн төлөв байдлын
ээлжит дүгнэлт, хэлэлцүүлгээс ирүүлсэн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхтэй холбоотой
санал илэрхийлж, “Үнэн хатамж” ТББ-ын гүйцэтгэх захирал
Ж.Сайнзаяа УИХ хүн төвтэй бодлого баримталж ажиллахаар тодорхойлсныг дэмжиж
буйгаа илэрхийлээд төсвийн төсөл, аливаа шийдвэр гаргахдаа хүний эрхийн
мэдрэмжтэй байхыг уриалсан юм. Иргэдийн оролцоог бодитой болгох чиглэлд
санаачилгатай ажиллах талаар, малчдын эрхийг дордуулсан эрх зүйн орчны
талаар “Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан
саналаа илэрхийлсэн бол “Сэтгэл мэдрэмж” ТББ-ын гүйцэтгэх
захирал Ч.Сэмжидмаа сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээрх 2022, 2024 онд Азийн 8
орны ажлын хэсэгт орж, хийсэн судалгааныхаа талаар мэдээлэл өгч, холбогдох
тайлан дүгнэлт, мэдээллийг Хүний эрхийн дэд хороонд хүргүүлж буйгаа дуулгав.
УИХ-ын шийдвэрээс гарах үр дагаврын талаар хэрэглэгчдийн эрх ашгийг
хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл
Г.Оюунтуяа санал хэлсэн. Хүний эрхийн иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүдийн
илэрхийлсэн байр суурь, санал, мэдээлэлтэй холбогдуулан УИХ хэрхэн ажиллаж
байгаа талаарх мэдээллийг УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал нэгбүрчлэн дэлгэрэнгүй
тайлбарлав. Нийгмийн тулгамдсан нэг асуудлын ард хүний эрхийн хөвөрсөн зөрчил
үүсэж байдаг талаар Г.Уянгахишиг гишүүн хэллээ.
Дэлхийтэй Монгол Улсаа холбох, хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлд тууштай ажиллаж байгаа иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлд С.Эрдэнэболд гишүүн талархал илэрхийлээд, УИХ-ын даргын 2024 оны 287 дугаар захирамжаар байгуулсан Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийн төслийг олон талт төлөөллөөр хэлэлцүүлэх, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн ач холбогдлын талаар таниулан сурталчлах, залуусын оролцоог хангаж, санал бодлыг сонсох арга хэмжээ зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг болон УИХ-ын даргын 2024 оны 93 дугаар захирамжаар байгуулсан “Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөв. “Хүний эрхийн форум”-аас гаргасан хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт, хэлэлцүүлгээс ирүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтийн талаарх дунд хугацааны үнэлгээтэй холбогдуулан УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгүүдийн үйл ажиллагааг уялдуулах талаарх саналаа мөн танилцуулсан юм.
УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос хүний эрхийн чиглэлээр үйл
ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй хийх уулзалтыг
сар бүр зохион байгуулахаар товлож, энэ талаар санал солилцсоноор уулзалт
өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.